Хотын дарга гадаадаас мэргэжилтэн урьж, давс бодис хэрхэн цацахаа заалгаад ч тусыг олсонгүй

Хотын дарга Х.Нямбаатар гадаадын мэргэжилтэн урьж авчран давс бодисоо хэрхэн цацах талаар сургалт авч, туршлага судлаад ч нэмэр болсонгүй. Зам нь улам толийж, гялтаганаж, халтиргаанаас үүдэлтэй осол, гэмтлийн тоо ихээр нэмэгдсэн. Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлт ч халтиргаа гулгаанаас үүдэлтэй. Хажуунаас жижиг суудлын автомашин гулсаад ороод ирсэн тухай том оврын автомашины жолооч учирласан байдаг. Гэтэл ноцтой осол, дэлбэрэлт болсны маргааш тэр газарт нь давс бодис цацаж байх жишээтэй.

Гай гамшиг хэлж бус хийсч ирдэг. Аз гэхүү эз гэхүү энэ үед Хотын дарга маань АНУ-д мөн л туршлага судалж, метро барих ажлаа хөөцөлдөж явсан сурагтай. Хуулийн салбарыг толгойлж байсан Х.Нямбаатар хотын дуусашгүй их ажилд түүртэж буй бололтой.

Хотын даргын хэлсэн “Шорвог шийдвэр” гэгчийг нийслэлчүүд хаа хаанаа хангалттай амсаж халшраад эцэстээ “Хотын дарга аа, та юу ч битгий хий. Хийлгүй байж байгаад хугацаагаа дуусгана уу” гэж хүртэл гуйж байх вэ.

Энэ удаагийн томоохон дэлбэрэлтэд олон иргэн орох оронгүй болж, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болсон. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл хор хохирол нь хэвээрээ, нийслэлчүүдийн айдас хүйдэс арилаагүй байгаа. Хотын даргынхаа барааг нэг харчих юмсан гэж олон иргэн  санагалзсаар ...Даанч тэрбээр таг чиг.