МАН-ын Их хурал хуралдах цаг хугацаа ойртсоор байна. Энэхүү Их хурлаар намынхаа дүрмийг шинэчлэхээс гадна, намын даргын асуудлаа шийдэх юм. МАН-ын ихэнх гишүүдийн хувьд намынхаа дүрмийн дагуу “Ерөнхий сайд намын дарга байх ёстой” хэмээн үзэж буй бол Л.Оюун-Эрдэнийн зүгээс Д.Амарбаясгаланд өөрийн суудлаа өгөхийг зорьж байгаа аж.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс намынхаа Их хурлын үеэр намын дүрмээ дахин зөрчих шийдвэр гаргах эсэх нь эргэлзээтэй үлдэж байна. Хэрэв тэрбээр заалнаас нэр дэвшвэл энэ нь түүний намын дүрмээ зөрчиж буй хоёр дахь тохиолдол болох юм. Өмнө нь тэрбээр ЗГХЭГ-ын даргын албан тушаалыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудалтай хавсран хашиж, УИХ-ын сонгууль хүртэл “гүрийж” намын дүрмээ зөрчиж байсан билээ. Уг нь МАН-ын дүрмийн 29.2-д “ЕНБД орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” хэмээн заасан байдаг.
Тэр бүү хэл Д.Амарбаясгалан УИХ-ын даргын индэр дээрээс хууль зохион ярьж Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэл гаргаж байсан билээ. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдааны дэг сахиулах үеэрээ УИХ-ын дэгийн тухай хуулийн 13.2 дахь заалт дээр “УИХ-ын гишүүнээс гаргасан горимын саналаар нэгээс илүү саналаар санал хураалт явуулахгүй. Дараагийн гишүүн горимын санал гаргахад түүгээр бас нэг удаа санал хураалгана” хэмээн зохион нэмж ярин өөртөө давуу байдал үүсгэхийг оролдсон байдаг. Энэ талаар нь ч УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нийгмийн сүлжээнд бухимдлаа илэрхийлж байсан аж.
Уг нь Д.Амарбаясгалан УИХ-ын дарга байх нь байтугай “улсын хяналтад” байх ёстой хүн хэмээн улс төрийн хүрээнд ярьдаг нь нууц биш. Түүнийг “Нүүрсний сонсгол” дээр дуудагдаж, “Админерал”-ын асуудлаараа шоронд явах гэж байхад нь түүний найз, тухайн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аварсан гэдэг билээ. Д.Амарбаясгалан ч нөхөрлөлдөө үнэнч гэдгээ харуулж, МАН-ын Бага хурлын үеэр Л.Оюун-Эрдэнийн талд байгаагаа мэдэгдэж байсан байдаг. Одоо харин тэдний нөхөрлөл намын дүрмээ дахин нэг удаа үл тоож, нэгнийхээ суудлыг нөхтөл үргэлжлэх эсэхийг харах л үлдлээ.
Сэтгэгдэл үлдээх