УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Б.Энхбаяр өнгөрсөн лхагва гарагийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ба Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой ноцтой мэдээллийг нийтэд дэлгэж, олныг шуугиулаад авсан. Хууль зүйн салбарыг толгойлж байсан Б.Энхбаяр ноцтой, но-той мэдээлэл дунд суудаг.
Хамгийн гол нь хууль зүйн сайд байсан хүн амны зоргоор худал ярьж, олны сэтгэл санааг үймүүлэхгүй, ярьж хэлж байгаа нь бүгд үнэн гэх ард түмний итгэл үнэмшил дээр дөрөөлж, үе үехэн нотолгоогүй ноцтой баримт, мэдээллийг нийгэмд “шиддэг” нь түүний зуршил боллоо.
Б.Энхбаяр гишүүн мэдээлэл хийсний дараагаас залруулга хийхийг шаардсан, хууль шүүхийн байгууллагад хандана гэсэн мэдэгдлүүд тасардаггүй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр хэвлэл мэдээллийн байгууллагад УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хийсэн мэдээллүүдийг үгүйсгэж,тайлбар мэдээлэл хийсэн бол Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатар нар “Гэрэгэ таур”-ын барилгын эзнийг хоригдож байх хугацаанд барилгыг нь “дээрэмдсэн” гэх мэдээллийг үгүйсгэн “Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн үндэслэлгүй гүтгэж байгаад харамсаж байна. Би шүүхэд хандаж байгаагаа мэдэгдье” хэмээсэн билээ. ”Гэрэгэ таур”-ын эзэн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан О.Амартүвшин ч дээрэмдсэн зүйл үгүй. Бизнесийн зарчмаар худалдан авсан тухай мэдэгдэж, Б.Энхбаярын худал үнэнд гүйцэгдэж эхэлсэн.
Б.Энхбаяр гишүүний хөндсөн ноцтой баримт гэвэл,
1. “Нүүрсний хулгай-2” эхэлж байна. “Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хил холболтын төмөр зам барих хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлсэн. Энэ хэлэлцээрт би “Нүүрсний хулгай-2” гарах гэж байна хэмээн татгалзсан санал өгсөн. Ингэхдээ Эрдэнэс Тавантолгойн аль орд дээр гэрээ хийх гэж байгаа нь тодорхойгүй. Хоёрдугаарт, нүүрсний үнэ тодорхойгүй байна. Үнийн зөрүүн дээр нүүрсний гол хулгай явдгийг би хэлж байсан. Харин би 2013 онд БНХАУ-ын “Чалько” ХХК-тай хийсэн гэрээний нөхцөлөөр буюу 53 ам.доллараар хөнгөлөлттэй үнийн дүнгээр хийсэн гэдэг мэдээлэл авсан. Цаашлаад одоогийн УИХ-ын дарга тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үнийн асуудлыг мэдэж байсан. Энэ 53 ам.долларын гэрээ хийсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Х.Мөнхжаргал нь Д.Амарбаясгалан даргын нэг сургуулийн нэг төгсөлтийн “найз” байсан” хэмээн ярьсан.
2. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Л.Чулуунзагд нар нүүрсний хулгайн хэрэгт “Админерал” ХХК-иар холбогддог. Улмаар нүүрсний сонсголд энэ компанитай холбоотой хоёр амьд гэрч оролцох байсан. Гэтэл нэг 2023 оны гуравдугаар сард кемп дээрээ нас барсан. Энэ хүн сонсголд оролцоогүй. Надад оролцоно гэж хэлсэн ч ирээгүй.
3. УИХ-ын сонгуулиас өмнө МАН, АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах тухай асуудал яригдчихсан байсан хэмээн мэдээлсэн.
Үнэхээр Монгол Улсад алдагдалтай гэрээ байгуулсан бол үүнийг нь шалгаж мухарлах зайлшгүй шаардлага үүснэ. Нөгөөтэйгүүр, УИХ-ын сонгуулиас өмнө МАН, АН хамтарсан Засгийн газар байгуулахаар тохирчихсон байсан юм бол төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаархал гэж үзэн ёстой л ноцтой зүйл ангиар шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой.
Харин УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан хүн төрийн эрхийг хууль бусаар авахыг мэдэж байснаа нуун дарагдуулсан бол хуулийн хариуцлагаас мөн мултрахгүй баймаар.
Сонсож дуулсан ховоо болсон, бодит мэтээр нийгэмд түгээж, олныг төөрөгдүүлж, ард нь баатрын дүрээр үлддэг нь Б.Энхбаярын зуршил боллоо. Өмнө нь дуулиант шуугиант мэдээлэл хийдэг ч үнэн, худлыг дэнсэлж тогтоосон газар үгүй. Нийгэмд шүүлтүүргүйгээр цацаж байгаа мэдээллүүд нь үнэн худал бодит эсэхэд хууль, хяналтын байгууллага анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ. Хэдий болтол нийгмийн сэтгэл зүйг үймүүлж, шударгын дүрд тоглох вэ дээ...
Сэтгэгдэл үлдээх