Балба улсад үерийн гамшигт өртсөн дэд бүтцийг сэргээн босгоход багадаа таван тэрбум ам.доллар шаардагдахаар байгаа ажээ. Сэргээн босголтын нийт зардал энэ хэмжээнд хүрвэл “гайхахгүй” гэж “Chaudhary Group”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Бинод Чаудхари “Bloomberg TV”-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
Таван тэрбум ам.доллар нь өнгөрсөн онд 45.5 тэрбум ам.доллароор хэмжигдсэн Балба улсын эдийн засгийн 11 орчим хувьтай тэнцэхүйц дүн аж. Наймдугаар сарын 26-нд гэнэтийн хүчтэй үер Балба, БНХАУ-ын хил залгаа уулархаг бүсийг дайрч, тосгод сууринуудыг усанд автуулж, авто зам, гүүрнүүдийг урсгасан юм.
Гамшгийн улмаас баасан гарагийн байдлаар багадаа 800 орчим хүн амь үрэгдсэн нь тогтоогдсон бол сураггүй болсон хүний тоо 3000 хүрснийг Балбын цагдаагийн байгууллагаас мэдээллээ. “Chaudhary Group” нь хүнс, харилцаа холбоо, дэд бүтэц, банк санхүү зэрэг бизнесийн 12 чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Тус групп Засгийн газар, орон нутгийн түншүүд болон Балбын зэвсэгт хүчинтэй хамтран ажиллаж, гамшгийн улмаас орон гэрээ алдсан иргэдэд түр хорогдох байр, сэргээн босгох төвүүд байгуулахаар ажилтнуудаа дайчилжээ. Дараа нь орон сууц барьж, гамшигт өртсөн бизнесүүд болон сургуулиудыг дэмжих ажлыг эхлүүлэхээ онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх