2015 оноос эхлэн Технолгийн шинэ эрин, аж үйлдвэрийн 4-р хувьсгалын тухай ярьж эхэлсэн. Учрыг нь ухаад сонирхоод үзвэл бидний ирээдүйн хөгжилийг тодорхойлох маш чухал сэдэв юм. Энэ эринд маш олон зүйл өөрчлөгдөх төлөвтэй байна. Ойрын жилүүдэд бидний өнөөдрийн хийж байгаа ажлын шинж чанар өөрчлөгдөж зарим ажлыг робот, программ хангамж, хиймэл оюун ухаан хийдэг болох тул бид үндсэндээ ажлын байргүй, хатуухан хэлэхэд гологдож үлдэх нь. Тиймээс энэ үед бид биш юмаа гэхэд бидний үр хүүхэд мэдлэг, чадвараараа тэнцэн үлдэх хэрэгтэй болж байна гэсэн үг. Ингэхийн тулд юуг өөрчлөх, хэрхэн бэлтгэх талаар НҮБ, Төрийн албаны зөвлөл, МУИС-аас хамтран зохион байгуулдаг UB impulse-ийн анхны Монгол илтгэгч, профессор Ч.Ундрамтай ярилцлаа.
Аж үйлдвэрийн 4-р хувьсал, тэсрэлтэт технолгийн эрин хэмээн ярих болсон. Тэгвэл энэ үеийн онцлог юу байх вэ?
- Өнөөдөр бид аж үйлдвэрийн 4 хувьсгалын үе эсвэл дижитал шилжилтийн үе гээд хүмүүс янз бүрээр нэрлэж байгаа ийм цаг үетэй бид нүүр тулаад байна. Гадаадын судлаачид үүнийг дисраптив технолги гэснийг бид монгол хэлнээ “тэсрэлтэт” технолгийн эрин үе гэж хөрвүүлсэн. Энэ нь хүний бүтээсэн технологи өөрөө дараагийнхаа технолгийг бүтээж аливаа зүйл, үйл явцыг зарчмын хувьд өөрчилж байгааг хэлдэг. Үүний үр дүнд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаа зарчмын хувьд өөрчлөгдөж түүнийг дагасан процесст оролцдог ажил үүргийн хуваарь өөрчлөгдөнө, ажлын байрны шинж чанар мөн хувирна. Тэгэхээр бүх байгууллага, хувь хүнд технологийн сорилт ирж байна гэсэн үг. Энэ үед Монгол улсын хувьд хүний нөөцөө бэлтгэх буюу боловсролын бодлогоо яаралтай анхаарах шаардлагатай гэсэн чиглэлээр итгэл тавьсан.
Энэ үеийн давуу тал, сөрөг тал нь юу байх вэ? Бид хэрхэн бэлтгэх вэ?
- Энэ үеийн давуу тал нь гэвэл бид технолгийн тусламжтайгаар өмнө нь шийдвэрлэж чаддагүй байсан зарим асуудлуудыг шийдэх боломж нэмэгдэнэ. Өвчин зовлон гэх мэт хүн төрлөхтний амьдралд учирч байгаа янз бүрийн асуудлуудыг технологийн тусламжтайгаар шийдэх бололцоотой болж ирж байна гэсэн үг. Ойрын хугацаанд гарч болох сөрөг тал нь бол шинэ технолги зарим ажлын байрыг орлох, шинэ ур чадварыг шаардахаас үүдэн зарим хүмүүс ажлын байргүй болно. Хүмүүсийн өмнө хийдэг байсан ажлыг компьютер, роботууд, энэ технолгийн тусламжтайгаар хийх болж байгаа юм. Роботын хийж чадахгүйг хийдэг, роботыг бүтээдэг, засдаг, роботтой хамтран ажиллах чадвартай хүмүүс цаашид ажлын байртай, амьдрах боломжтой болно.
Манай Улсын хувьд энэ технолгируу дөхөж байна уу?
- Ганц нэг салбарын хувьд нэлээн дөхөж байгаа үзэж байгаа. Жишээ нь финтек буюу технологид суурилсан санхүүгийн салбар. Программ, аппликэйшнээр дамжуулаад зээл олгох, даатгалд хамруулах зэрэг үйлчилгээ нэвтрүүдэг болсон. Мөн iHotel зэрэг технолгид суурилсан үйлчилгээнүүд гараад эхэлсэн байна. Бусад салбарт шинэ технолгийг ашиглах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чадамжтай, бэлтгэгдсэн хүн маш цөөхөн байна. Тэгэхээр нийт ард иргэдээрээ энэ технолгийн эрин үед бэлтгэхийн тулд бид боловсролын салбартаа анхаарах ёстой. Энэ эрин үед шинэ технолгийг бүтээдэг, ажлын байран дээр ашиглах чадвартай жишээлбэл биг дата шинжилгээ хийдэг гэх мэтчилэн ажиллах чадвартай хүмүүс нь ажлын байртай байна гэсэн үг. Нөгөө талд олон ажлын байрыг технологи орлоно. Жишээлбэл жолоочгүй машин гарч эхэлж байгаа тул тун удахгүй бүх төрлийн жолооч шаардлагагүй болно гэхийг үгүйсгэхгүй. Нягтлан бодогч нар шаардлагагүй болно гэсэн урьдчилсан таамаглал байгаа. Тиймээс эдгээр хүмүүсийг хэрхэн дахин сургаж мэргэжлийг нь хөрвүүлэх, ирээдүйн боловсон хүчнээ ямар хөтөлбөрөөр хэрхэн бэлдэх зэрэг үндэсний хувьд анхаарах ёстой олон чухал асуудал байгаа юм.
Та МУИС-д олон жил ажилласан. Ажиллаж байхдаа хугацаандаа нэлээд шинэчлэлүүдийг хийж чадсан гэж боддог. Энэ шинэ эрин үед МУИС хир бэлтгэгдэж байгаа вэ?
- Ер нь манай МУИС сүүлийн жилүүдэд олон шинэчлэл хийсэн. Бүтэцийн хувьд ч, хөтөлбөр, агуулгын хувьд ч тэр. Багш, профессорууддаа тавьдаг шаардлага, тэдэнд өгдөг дэмжлэг ч сайжирсан. Гэхдээ бид цаашид ч тасралтгүй сайжруулалтыг хийх шаардлагатай. Өнөөдөр гадаад орчин маш хурдтай өөрчлөгдөж байна. Технолгиуд маш хурдтай шинээр бий болж байна. Тэгэхээр МУИС-ийг төгсөж байгаа хүүхдүүд өнөөдөр тавьж байгаа шаардлагаас гадна маргаашийн шаардлагуудыг хангадаг байх ёстой. Төгсөгчидөө их өгөгдлийн шинжилгээ хийж өөрийн ажилд мэргэжилдээ ашиглах чадвартай, интернэтийн код бичдэг байх ёстой ч гэдэг юмуу. Иймэрхүү шаардлагуудыг тавьж илүү хурдтай шинэчлэх шаардага бол байгаа.