Пакистаны олон улсын агаарын тээврийн (PIA) ‘Airbus A320’ нисэх онгоц өчигдөр орой /2020.5.22/ орон нутгийн нислэг үйлдэхдээ унажосолдсоноос 97 хүн нас барж, хоёр зорчигч амь үлджээ. Аймшигт ослоос амьд үлдсэн зорчигч Мухаммед Зубайр ярихдаа “Онгоц 10-15 минут газардах гэж оролдсоны дараа гал гарч эхэлсэн. Би ослын дараа гэнэт ухаан ороод харахад эргэн тойрон хүүхэд, хүмүүс орилолдож, шатаж байсан. Би суудлын бүсээ тайлаад гэрлийн зүг алхсан. Тэгээд гурван метрийн өндрөөс үсэрч буугаад амьд үлдсэн” хэмээн ярьсан байна. Амьд үлдсэн өөр нэг зорчигч нь Пунжаб банкны ерөнхийлөгч гэж орон нутгийн албаныхан мэдээлжээ.
Эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр 92 зорчигчийг амь үрэгдсэнийг тогтоосон байна. Хохирогчдын дунд “TV channel 24 News” телевизийн сэтгүүлч Ансар Накви, Пунжаб мужийн гамшгаас хамгаалах албаны экс дарга Халид Шердил нар байгаа аж.
Нислэгийн бүртгэлд бичигдсэнээр “PK8303” нислэгт 91 зорчигч, нислэгийн багийн найман гишүүн байжээ. Тэд Эйд шашны баярын амралтыг угтан Лахоре хотоос Карачи хот руу нислэг үйлдсэн байв. Гэвч газардах оролдлого хийх явцад осол гарсан аж.
Пакистанд коронавирусийн эсрэг олон хоногийн хөл хориог зөөлрүүлж орон нутгийн нислэгийг зөвшөөрсний дараа энэ осол гарчээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.
Сэтгэгдэл үлдээх