Балетчин, Гавъяат Жүжигчин Ю.Цэрмаа

Балетчин, Гавъяат Жүжигчин Ю.Цэрмаа 1970-д онд

Тэрээр өөрөө ч мэдэлгүй 9 настайдаа балетийн урлагтай амьдралаа холбосон түүхтэй. Түүнийг нийслэлийн хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангид сурч байх үед нэгэн өдөр орос, монгол хоёр хүн ирээд хүүхдүүдийн хөл, гарыг өргүүлж үзэж, хөгжмийн аянд нааш, цааш алхуулж байгаад л хэдэн хүүхэд сонгож авсны нэг нь Ю.Цэрмаа гуай. Сонгосон хүүхдүүдээ эрүүл мэндийн үзлэгт оруулахад тэнцчихэж, ингээд 1953 оны арванхоёрдугаар сарын сүүлээр вагонд суугаад ОХУ руу явжээ. Хаа хүрэхээр, юунд явж байгаагаа ч огт мэдээгүй вагонд сууцгаагаад маш удаан яваад л байсан гэнэ. Очоод охид, хөвгүүдээрээ тус тусдаа орос хүүхдүүдийн хамт дотуур байранд амьдарч сургуульдаа орсон байна. Анх удаагаа “Хунт нуур” жүжгийг үзээд л ийм хүн болох юм байна гэж учрыг ойлгожээ. Тухайн үед манай улсаас 14 хүүхэд тэнд очсон бөгөөд дараа жил нь Монголоос мөн 14 хүүхэд Ташкентад сонгодог бүжгийн сургуульд сурахаар явсан түүхтэй. Ю.Цэдэнбал дарга бодлогоор хүүхэд залуусыг олон улсын нэр хүндтэй сургуулиудад сонгодог урлагийн чиглэлээр суралцуулж, алтан үеийнхнийг төрүүлсэн түүхийн нэгэн жишээний нэг энэ бөгөөд үүний ачаар балетийн урлагаар Монгол улс Ази тивд тэргүүлдэг билээ.

Сэтгэгдэл үлдээх