Хэдэн цаг дараалан сонсох хүсэл төрүүлэх хамгийн сонирхолтой подкастууд.
Bande à Part
Одоогийн байдлаар энэ нь магадгүй загварын сэдвээр ярилцдаг хамгийн ухаалаг, мэдрэмжтэй подкаст юм. Лондонгийн музейн куратор болон Лондонгийн Курто урлагийн институтийн багш нар хамтран загварын түүхээс эхлэн орчин үеийн хөгжлийн талаарх олон сонирхолтой сэдвийг хөнддөг. Хамгийн сүүлийн дугаарт л гэхэд тэд хоёр давхар хүзүүний ороолт зүүх нь зохистой эсэхийг ярилцаж эхлээд удалгүй дизайнер Марк Жейкобсийн нохой Instagram хуудастай болсон тухай дурдаж, нэг л мэдэхэд 1930-аад оны Их Британийн дизайнерууд яагаад одоо улам бүр алдартай болж буйг судалж эхэлнэ. Өөрөөр хэлбэл энэхүү подкастаас та загварын тухай маш өргөн хүрээний мэдлэг олж авах юм.
Fash-ON Fash-OFF
i-D сэтгүүлийн подкаст. Vice хэвлэлийн газрын гаргадаг i-D сэтгүүл нь сүүлд скейтборд сонирхдог гудамжны стильтэй залуус болон Японы эмэгтэй рэпперүүдийн тухай бичдэг болсон ч тэдний гаргадаг подкаст нь илүү уламжлалт сэдвүүдийг хөнддөг юм. Эндээс та Нью-Йоркийн загварын долоо хоногийн ерөнхий тоймыг хүлээн авч, ирээдүйн загвар зохион бүтээгчдэд зориулсан зөвлөгөө сонсож, загварын шилдэг сургуулиудын тухай мэдээлэл авах болно.
Dressed
Хувцасны түүхийг өгүүлдэг маш сонирхолтой, нарийн детальтай подкаст. Хөтлөгчид энэ сэдвээр мэргэшсэн загварын түүхчдийг дугаартаа урин смокинг хэрхэн бий болсон, ягаан өнгийн хувцсыг анх хэзээ өмсөж эхэлсэн, ирвэсний хээ яагаад моданд орсон зэрэг сонирхолтой сэдвүүдээс гадна хүний арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг хортой материалуудыг онцлон хүнд тустай мэдээлэл өгдөг. Ням гарагийн үдшийг зугаатай атлаа үр дүнтэй өнгөрүүлэх шилдэг аргуудын нэг.
The Barneys Podcast
АНУ-ын Barneys дэлгүүрийн энэ подкаст нь ихэвчлэн загвар өмсөгчид, зохиолчид, нийгмийн идэвхтнүүд зэрэг загварын салбарт ажилладаг мэргэжилтнүүдтэй ярилцлага хийдэг байгаа. Товчхондоо энэ подкаст нь хамгийн олон алдартнуудтай ярилцсан подкастаар нэрлэгдээд байгаа юм. Виктория Бекхэм, Том Браун ба Александр Вэнг нарын яриаг эндээс сонсоорой.
Сэтгэгдэл үлдээх