Нүүр хуудас Мэдээ Аялагчдыг “COVID-19” эсрэг вакцин тариулахыг шаардана

Аялагчдыг “COVID-19” эсрэг вакцин тариулахыг шаардана

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Ирэх хэдэн жилд та аливаа улс руу зорчихоор бол гадаад паспорт, визээ авахаас гадна коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан байх шаардлагатай болох нь. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Сергей Глаголевын мэдээлснээр олон улсад аялагчдын шаардлагад коронавирусийн эсрэг вакцин тариулсан байх нөхцлийг нэмж оруулж магадгүй аж. Сергей Глаголев хэлэхдээ “Харамсалтай нь коронавирусийн оношлуур нь хязгаарлагдмал хугацаанд тухайн хүн өвчлөөгүй гэдгийг батална. Коронавирусийн халдвар хэдэн жилийн турш үргэлжлэх төлөвтэй байна. Тиймээс олон улсын вакцинжуулалтын системийг нэвтрүүлэх эсвэл өвчний эсрэг дархлаа тогтсон хүмүүсийг бичиг баримтжуулах шаардлагатай болно” хэмээжээ. Тэрбээр Оросын анхны коронавирусийн эсрэг вакцин болох “Спутник-V” –ын тухай мэдээллийн үеэр ийн мэдэгджээ.

ОХУ нь наймдугаар сарын 11-нд коронавирусийн эсрэг вакциныг амжилттай туршин, бүртгэсэн анхны улс болсон юм. Улмаар наймдугаар сарын 15-нд ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас тус вакциныг үйлдвэрлэж эхэлснээ зарласан. Бүртгэгдсэний дараах туршилт энэ есдүгээр сарын эхээр эхэлж, 40 мянга гаруй хүн оролцож байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд шинэ коронавирусийн халдвар өвчнийг цар тахал хэмээн зарласан. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинаа 27,8 сая хүн коронавирусийн халдвар авч, 903 мянган хүн нас бараад байна. ОХУ-д 1 сая 46 мянга гаруй хүн халдвар авсны 862 мянга гаруй нь эдгэрч, 18 мянга гаруй хүн нас баржээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү