Нүүр хуудас Мэдээ Орост төөрсөн хүмүүсийг дроноор аварна

Орост төөрсөн хүмүүсийг дроноор аварна

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Оросын “Авиарешения” компанийн үйлдвэрлэсэн хүнд жингийн нисгэгчгүй онгоц буюу дроны анхны зориулалт нь ачаа тээвэрлэх болон газар услах, бордох байсан ч Онцгой байдлын албаныхан төөрсөн иргэдийг аврахад ашиглахаар ярьж байна. “Авиарешения” компанийн Дмитрий Арсентьевын мэдээлснээр   уг дроныг 2023 оноос Онцгой байдлын албаны зориулалтаар ашиглахаар төлөвлөж байгаа аж.

"Дроны шинэ зориулалтыг хөгжүүлэх ажил ид хийгдэж байна. 2023 он гэхэд онцгой байдлын албанд ашиглахаар төлөвлөж байна. Алс бөглүү, хүн болон техник хүрч очиход төвөгтэй ямар ч газраас хүн аврах боломжтой. Өтгөн тайга, гүн намагтай газар байсан ч аврах боломжтой. Хүн хүч, техникийн нэмэлт зардалгүйгээр аврах ажиллагааг хийх боломжтой” хэмээн тэрбээр мэдэгджээ.

Дмитрий Арсентьевын хэлснээр Онцгой байдлын алба төөрсөн хүмүүсийг олох ажилд одоо ч дрон ашиглаж байгаа юм. Гэхдээ дроноор байршлыг тогтоогоод аврах ангийнхан, шаардлагатай техник хэрэгслээ аван төөрсөн хүний байгаа газар руу очдог бөгөөд байршлаасаа хамаараад зарим үед хэдэн цагаас өдөр ч зарцуулан очдог байна.

Хүнд жингийн дрон нь 200 хүртэл кг жинтэй хүнийг өргөх зориулалтын бэхэлгээтэй байх аж. Харин аврах хүний биеийн байдал муу, гэмтсэн, бэртсэн байвал бэхэлгээгээ өөрөө хийж чадахгүй бол яах вэ гэдэг асуудал болж байна. Ийм нөхцөлд түргэн тусламжийн эмч нарын багийг дроноор хүргэх боломжийг судалж байгаа аж.

Хүнд жингийн дрон нь нисэх онгоц шиг тусгайлан буух зурвас шаардахгүйгээр харьцангуй бага талбайд буух, хөөрөх давуу талтай. Мөн газарт буулгүй агаараас аврах ажлаа хийж болох ажээ.

Дмитрий Арсентьевын хэлснээр "Авиарешения" компанийн дрон нь одоо хэрэглэгдэж байгаа ижил төстэй техник төхөөрөмжийн зарцуулдаг зардлыг 30-40 хувиар бууруулах боломжтой юм.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү