Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар руу зөвшөөрөлгүй нэвтэрсэн байсан

Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээг хэрхэн тогтоох талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө. Тэрбээр "Одоо гаргаж байгаа хохирол тооцсон дүгнэлт цаашид хэргийг шүүхэд шилжүүлэх үед нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой эсэх нь тодорхойгүй байна. Шүүх хурлын үеэр дахин газар дээр нь очиж, хохирол тооцох аргачлалыг шинээр хэрэглэх шаардлага үүсэхийг ч үгүйсгэхгүй. Тиймээс анхнаас нь мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн шинжээчдийн баг ажиллуулах шаардлагатай. Одоо ажиллаж байгаа ажлын хэсгийн мэргэжилтнүүдийн гаргах дүгнэлт нотлох баримтын шаардлага хангаж чадах эсэхийг Шүүх шинжилгээний байгууллага өнөөдөртөө багтаан судлахаар болсон.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Харин манай яамны зүгээс хуулийн хугацаанд багтаан хохирлыг үнэн зөв, бодитой тогтоох асуудалд онцгой анхаарч ажиллаж байна.

Хохирол тооцох ажиллагаанд газар дээр нь очиж, 3-4 удаагийн нислэг үйлдэх шаардлагатай. Гэвч одоогоор Халх гол болон Дорнод аймагт онгоцны түлш байхгүй тул Улаанбаатар хотоос түлш тээвэрлэх автомашиныг өнөөдөртөө багтаан яаралтай гаргахаар шийдвэрлэлээ. Мөн маргаашийн дотор ОБЕГ-аас шаардлагатай зөвшөөрлийн дагуу нисдэг тэрэг гаргаж, газар дээр ажиллаж буй мэргэжлийн багт дэмжлэг үзүүлэхээр өнөөдрийн шуурхай хурлаар шийдвэрлэсэн.

Шуурхай хуралд “Мобиком” компанийн Хуулийн газрын дарга болон хуулийн зөвлөх оролцож, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэх бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн. Цаашлаад тухайн хэрэг гарсан өдөр Дархан цаазат газарт нэвтэрсэн хүмүүс зөвшөөрөл аваагүй байсныг Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Наранбаатар мэдээлсэн" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх