Нүүр хуудас Мэдээ 45 минут зүрх нь зогссон уулчин эргэн “амилжээ”

45 минут зүрх нь зогссон уулчин эргэн “амилжээ”

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

АНУ-ын “Маунт Рэйнер” үндэсний хүрээлэнд энэ сарын 7-нд ууланд авирч байсан уулчин Майкл Кнапински төөрчээ. Аврагчид нэг хоногийн дараа түүнийг олоход тэрбээр осгож, бие нь хөлдөж, хөшсөн байдалтай байжээ.

Өдгөө 45 настай уулчинг Сиатл хотын эмнэлэгт нисдэг тэргээр хүргэсэн бөгөөд эмнэлэгт ирэх үед зүрх нь цохилж байсан ч удалгүй зүрх цохилохоо больсон байна.

Ингээд эмч нар яаралтай арга хэмжээ авч түүнийг хүчилтөрөгчийн ECMO аппаратанд оруулжээ. Гэтэл 45 минутын дараа Кнапинскигийн зүрх гэнэт цохилж эхэлжээ. Хоёр хоног хүчилтөрөгчийн аппаратад байсны эцэст уулчин ухаан орсон байна. Тэрбээр хар тамхины эсрэг эмчилгээ хийлгэж, хар тамхинаас гарсан нэгэн бөгөөд амьдралын хэв маягаа өөрчилж, ууланд алхаж эхлээд удаагүй байгаа аж.

Хэт хүйтэн температур нь хүнийг үхэлд хүргэдэг ч маш ховор тохиолдолд хүний бие хүйтний эсрэг хамгаалалтын давхарга үүсгэдэг байна. Хэрэв зүрх хэвийн температурт удаан зогсвол тархины үйл ажиллагаа зогсч, амьд үлдэх найдвар багасдаг бол хүйтэнд тархи нь бие махбодийн үйл ажиллагааг зохицуулахыг оролдсоор байдаг аж. Эмч нар энэ зарчмыг ашиглан хүндрэлтэй төрсөн нярайг тархины гэмтэл авахаас сэргийлж тэр даруй биеийг нь хөргөх арга хэмжээ авдаг.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү