Шинэ коронавирүс халдаагүй, ковид өвчний халдвар авсан 1 ч хүн бүртгэгдээгүй улс орнуудыг “Associated Press” агентлаг мэдээллээ. Үүнд:
1.Тонга
Тонга буюу албан ёсны нэр ''Тонгагийн Вант Улс'' нь Өмнөд Номхон далайд орших 169 арлаас бүрдэх ольтриг дээр орших улс бөгөөд тэдгээр 169 арлын 36-д нь хүн оршин суудаг аж. Вант Улсын газар нутаг нь хойноос өмнө зүгт 800 километр сунан тогтсон байдаг. Тонга улсын нийт хүн ам нь 2009 оны судалгаагаар 104,000 гэж тодорхойлсон байдаг.
2.Кирибати
Кирибати албан ёсны нэр ''Бүгд Найрамдах Кирибати'' Улс, нь Номхон далайн төв хэсэгт орших арлын улс юм. Тус улс нь экватор орчмын 3,500,000 хавтгай дөрвөлжин километр талбайд тархсан 32 шүрэн арал болон нэг өргөгдсөн шүрэн арлаас тогтох бөгөөд зүүн талаар нь Олон улсын өдөр солигдох шугам өнгөрнө. Кирибатис улсын нийт хүн амын тоо 105,432 гэж тодорхойлсон байдаг.
3.Микронези
Микронезийн Холбоот Улс нь баруунаас зүүн тийш Яп, Чуук, Понпей, Косраэ гэсэн дөрвөн улсаас бүрдсэн холбооны, арлын улс юм. Баруун Номхон далайгаар тархсан, ойролцоогоор 702 км² нутаг дэвсгэр бүхий 607 арал дээр оршдог.
Тус улсын бүрэлдэхүүн дөрвөн улс нь бүгд нэг эсвэл хэд хэдэн гол галт уулын арлаар тойрон тогтсон атоллуудаас бүрэлдэнэ. Микронезийн Холбооны Улс нь Микронезийн бүс нутгийн Каролины арлуудад багтах арлууд дээр оршино.Микронези улсын нийт хүн амын тоо 111,000 гэж тодорхойлсон байдаг.
4.Тувалу
Тувалу улсын нийслэл нь Фонгафале. Умард Номхон далайн Элисийн арлуудад багтдаг арал улс юм.
Хүн амаараа Ватикан хот улсын дараа орохоор, хамгийн цөөн хүн амтай тусгаар тогтносон улсуудын нэг юм. Газрын түвшин нь маш доогуур бөгөөд хамгийн өндөр цэг нь 5 метр. Тиймд далайн түрлэг эхлэхэд арлын урд хэсэг нь усанд автах тохиолдол цөөнгүй. Ирээдүйд далайн түвшин энэ эрчээрээ өндөрсвөл энэ улс нь бүхэлдээ живнэ гэж судлаачид үзэж байна. Тувалу улсын нийт хүн амын тоо 10,544 гэж тодорхойлсон байдаг.
5.Антарктид
Коронавирус халдаагүй улс орны тоонд Антарктид тив хүртэл орсон юм. Тухайн тивд одоогоор 1106 хүн байгаа гэж тодорхойлж байгаа ч тэдгээр хүмүүс нь эрдэмтэд болон жуулчид аж.
Коронавирус халдаагүй улс орны тоонд Самоа улс орж байсан ч Номхон далайн Самоа улсад анхны тохиолдол илэрсэн юм. Халдвар тав хоногийн өмнө Европоос ирсэн далайчнаас илэрсэн ба тусгаарлалтад байсан түүний хоёр дахь шинжилгээний хариу эерэг гарсан байна.Далайчин 273 хүний хамт энэ сарын 13-нд ирсэн бөгөөд халдвар илэрсэн талаар тус улсын Ерөнхий сайд Туилаепа Саилеле Малиелегаой хэвлэлийн бага хурал хийж мэдэгджээ.
Цар тахал дэгдэхэд эдгээр улс нисэх онгоцны болон усан онгоцны буудлуудаа хааж, гадаадаас зорчигч нэвтрүүлэхээ зогсоосон байна. Аялал жуулчлалаас гол орлогоо олдог эдгээр улсын эдийн засаг хөл хорионы улмаас уналтад орсон ч одоо болтол хилээ нээгээгүй байгаа аж.
Ковидын халдвар гараагүй гэж мэдэгдсээр байгаа ч эргэлзээтэй улс орнууд:
- БНАСАУ
- Туркменистан
Улс оронд нь шинэ коронавирүс халдаагүй гэж Умард Солонгосын эрх баригчид мэдэгдэж буй. Гэвч ДЭМБ-ын шинжээчид үүнд эргэлзэж байгаа юм. Туркменистаны эрх баригчид 3 дугаар сард хилээ хааж, олон нийтийн болон шашны арга хэмжээ зохион байгуулахыг ард иргэддээ хоригложээ. Үүний үр дүнд нэг ч хүн халдвар аваагүй гэж тус улс мэдээлж байна. Гэсэн ч ДЭМБ үүнд итгэл төгс биш байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх