ХУУЛЬ: Хорио цээр, хязгаарлалтын дэглэм зөрчиж, саад учруулбал ₮500,000-аар торгох, эсвэл нэг сар баривчилна

Коронавируст халдварын тохиолдол манай улсын хүн амын дунд бүртгэгдсэнтэй холбоотойгоор улс даяар Гамшгийн тухай хуулийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна.

Мөн уг хуульд заасны дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хүрээнд арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон билээ.

Гэвч хөл хорио, хязгаарлалтын дэглэм зөрчих тохиолдол гарч байна.

Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж зөрчсөн, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах хуулийн заалттай.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13-т зааснаар хэрвээ иргэн, хуулийн этгээд Гамшгаас хамгаалах хууль зөрчвөл дараах хариуцлагыг хүлээнэ.

Худал мэдээлэл түгээсэн хүнийг ₮500,000, хуулийн этгээдийг 5,000,000 төгрөгөөр торгоно

1. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хорио цээр, хязгаарлалтын дэглэм зөрчих, саад учруулбал хүнийг ₮500,000 эсхүл 1 сар баривчилна

2. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Халдварт өвчний үед мэдээллийг саадгүйгээр мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг ₮5,000,000-аар торгоно

3. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдээ, мэдээллийг үнэ төлбөргүйгээр, саадгүйгээр мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хүнийг ₮100,000, хуулийн этгээдийг ₮1,000,000-аар торгоно

4. Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Гамшгаас хамгаалах зорилгоор байгуулсан байгууламжийг эвдсэн бо хуулийн этгээдийг ₮5,000,000-аар торгоно

5. Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор байгуулсан барилга байгууламжийг эвдэж гэмтээсэн, эсхүл зориулалтыг дур мэдэн өөрчилсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хуулиар хориглосон ажиллагаа явуулбал хүнийг ₮100,000, хуулийн этгээдийг ₮1,000,000-аар торгоно

6. Тусламж үзүүлэгч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Дээрх торгууль, шийтгэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол оногдуулах арга хуулийн хариуцлага гэдгийг энд дахин сануулъя.

Гамшгаас хамгаалах хуульд заасан иргэн болон хуулийн этгээдийн эрх, үүргийг танилцуулж байна

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараах эрхийг эдэлнэ:

  • Гамшгаас хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах;
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө авах.

Хуулийн этгээд нь өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан гамшгаас хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:

  • Гамшгаас хамгаалах төлөвлөгөө баталж хэрэгжүүлэх;
  • Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
  • Үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн мэргэжлийн анги байгуулах, шаардагдах техник, материал, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангах, зарлан мэдээлэл дамжуулах нөхцөлийг бүрдүүлэх;
  • Мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн болон ажилтныг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангах;
  • Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, холбогдох даатгалд хамрагдах;
  • Гамшгаас хамгаалах орон нутгийн нөөц бүрдүүлэх, зориулалтын дагуу захиран зарцуулах;
  • Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшиг болон аюулын нөхцөл байдлын тухай мэдээг дээд шатны байгууллага болон онцгой байдлын байгууллагад цаг тухайд нь хүргэх, шаардлагатай бичиг баримт, бодит мэдээллээр хангах;
  • Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал болон аюулын үед өөрийн байгууллагын хэрэгцээнд ашиглах барилга байгууламж, хоргодох байрыг төхөөрөмжлөх, шаардлагатай тохиолдолд хүн амд ашиглуулах;
  • Гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх.
  • Эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хариуцах.

ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

Иргэн гамшгаас хамгаалах талаар дараах эрхийг эдэлнэ:

  • Холбогдох байгууллага, албан тушаалтнаас аюулгүй байдлаа хангахад шаардлагатай арга хэмжээний талаар үнэн зөв мэдээлэл авах;
  • Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг байгуулах, гишүүнээр элсэх, гамшгаас хамгаалах дундын хөрөнгийн сан үүсгэх;
  • Гамшигт өртсөн тохиолдолд шаардлагатай тусламж, дэмжлэг авах;
  • Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дайчлагдан оролцох үед хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон, амь насаа алдсан бол энэ хуулийн 36.2-т заасан тусламж авах;
  • Голомтын бүсэд дайчлагдан үндсэн ажлаас чөлөөлөгдөн үүрэг гүйцэтгэсэн бол цалин хөлсөө ажил олгогчоос, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн онцгой байдлын байгууллагын алба хаагчийн нэгэн адил томилолтын зардлыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр авах.

Иргэн гамшгаас хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ:

  • Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;
  • Гамшгаас хамгаалах сургалтад оролцох;
  • Өдөр тутмын үйл ажиллагаандаа аюулгүй байдлыг хангах;
  • Гамшиг болон аюулаас урьдчилан сэргийлэх, аврах арга, техник, багаж хэрэгслийг эзэмших, зарлан мэдээлэх дохиогоор ажиллах журмыг дагаж мөрдөх;
  • Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцох;
  • Гамшиг болон аюулын тухай мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай, үнэн зөв хүргэх;
  • Эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал, учирсан хохирол, хуурамч дуудлага өгсний улмаас гарсан зардлыг нөхөн төлөх;
  • Хорио цээр болон хязгаарлалтын дэглэм тогтоосон үед эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй зорчих.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Pksexh

lipitor 80mg drug <a href="https://lipiws.top/">how to buy lipitor</a> buy lipitor 20mg sale