Европын холбооны Эмийн агентлаг мягмар гаригт “Pfizer” болон “BioNTech” компаниудын хамтран боловсруулсан коронавирусийн эсрэг “BNT162b2” вакциныг эмнэлзүйд нэвтрүүлэх зөвлөмж хүргүүлсэн. Үүнээс хэдхэн цагийн дараа Европын комисс хуралдаж уг вакциныг эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон юм.
Ингэснээр Европын холбооны гишүүн 27 улс “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болсон юм. Европын холбооны орнуудын нийт 448 сая хүн амыг дархлаажуулах вакцины тунг ирэх ням гаригаас эхлэн 27 гишүүн улсад түгээх ажил эхлэх аж. Коронавирусийн эсрэг 95 хувийн үр дүнтэй гэгдэж буй “BNT162b2” вакцины хоёр тунг 21 хоногийн зайтай тарих бөгөөд хүний биед 28 хоногийн дараа вирусийн эсрэг дархлаа тогтох юм.
Их Британи улсад халдварлах чадвар илүү өндөртэй “SARS-CoV-2” вирусийн шинэ мутацын тархалт үүсэж, Европын холбооны төдийгүй дэлхийн бусад бүс нутгийн орнуудад бүртгэгдсэн. Тиймээс Герман, Голланд тэргүүтэй Европын холбооны орнууд Их Британи улсад хилийн хориг тогтоож, зул сарын баяр болон шинэ жилийн баярын өдрүүдээр вирусийн шинэ мутацын тархалт эрчимжихээс сэргийлж дахин хатуу хөл хорио тогтоогоод байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх