Израилийн анагаахын шинжлэх ухааны эрдэмтдийн “HMO Maccabi” эрүүл мэндийн нийгэмлэг даваа гаригт “Pfizer” болон “BioNTech” компаниудын хамтран боловсруулсан “SARS-CoV-2” вирусийн эсрэг “BNT162b2” вакцины хоёр тун тариулсан нийт иргэдийн 0.01 хувь нь долоо хоногийн дараа коронавирусийн халдвар авсан талаар мэдээллээ.
Судалгааны тайланд дурдсанаар “BNT162b2” вакцины хоёр тун тариулсан нийт 128600 орчим хүнээс зөвхөн 20 хүн “COVID-19”-ийн халдвар авсан байна. “HMO Maccabi” нийгэмлэгийн мэргэжилтнүүд хэдий энэхүү үзүүлэлт нь урьдчилсан тоо ч гэсэн вакцины сайн үр дүнг илтгэх хангалттай эерэг дүгнэлт болохыг цохон тэмдэглэсэн байна.
Тус байгууллагын Мэдээлэл, дижитал эрүүл мэндийн хэлтсийн захирал Анат Экка Зохар энэ талаар “Халдвар авсан өвчтөнүүд нь өөр өөр бүлгийн иргэд байгаа нь Pfizer-ийн туршилтын үр дүнтэй нийцэж байгаа. Цаашид бид халдвар авсан өвчтөнүүдэд зөвхөн хөнгөн шинж тэмдэг илэрч, вирусийн улмаас ноцтой хүндрэл үүсэхгүй байгаа эсэхийг тогтоохын тулд нягт нямбай хяналт хийх шаардлагатай” гэжээ. Түүний нэмж мэдээлснээр халдвар авсан 20 хүний 50 хувь нь архаг хууч өвчтэй өвчтөнүүд байгаа аж. Халдвар авсан бүх өвчтөн толгой өвдөх, ханиалгах, бие сульдах, ядрах зэрэг шинж тэмдэг бүхий хөнгөн хэлбэрээр өвчилсөн бөгөөд тэдний хэн ч 38.5-аас дээш халуурч, эмнэлэгт хүргэгдэхүйц ноцтой халдварлаагүй байна. Мөн хамгийн гол нь вакцины 2 тун хийлгэсний дараа халдвар авсан өвчтөнүүдийн дийлэнх нь халдвартай хүнтэй хавьталд орсон байжээ.
Израиль улс өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 19-нөөс эхлэн “Pfizer” болон “BioNTech”-ийн вакцинаар нийт иргэдээ дархлаажуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 9 сая хүн амтай тус улсын 2.6 сая иргэн нэг тун, 1.2 сая иргэн хоёр тунд тус тус хамрагдаад байгаа аж. Өөрөөр хэлбэл тус улс нийт хүн амынхаа 29 хувийг вакцинд хамруулсан, 13.3 хувийг бүрэн тунд хамруулсан гэх үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Израиль улс нь вакцинжуулалтын талаарх дата өгөгдлийг долоо хоног бүр шинэчилж дэлхийн бусад орнуудтай хуваалцаж байгаа юм. Тус улсад өнөөдрийн байдлаар “COVID-19”-ийн халдвар авсан 606 мянган тохиолдол, 4498 нас баралт бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл үлдээх