Сар шинийн баярын өдрүүдэд Цагдаа болон ОБЕГ-т бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.
Хэдийгээр улс орон даяар хатуу хөл хорио тогтоож, баярын өдрүүдийг хөл хөдөлгөөн багатай өнгөрөөхийг шаардаж байгаа ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгдсээр байна. Тодруулбал, энэ сарын 11-15-нд зам тээврийн ослын шинжтэй 57 дуудлага Тээврийн цагдаагийн албанд иржээ. Зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд байсан бол орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 187 зөрчил илрүүлсний 121 нийслэлд, 66 орон нутагт байна. Үүний улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон хэд хэдэн томоохон зөрчил гарсан ажээ. Тухайлбал,
-Энэ сарын 13-ны өдрийн 01:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Их тойруугийн гудамж, 39 дүгээр сургуулийн зүүн замд Toyota aqua автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1,24%/ тээврийн хэрэгсэл жолоодож замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 4 настай, эмэгтэй Х-г гэмтсэн байна.
-Энэ сарын 11-нд 4:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Баянбүрдийн тойргийн зүүн замд Toyota mark-2 маркийн автомашины жолооч Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1,77%/ тээврийн хэрэгсэл жолоодож Lexus GS4520 загварын автомашинтай мөргөлдсөн байна.
Мөн сар шинийн өдрүүдэд онцгой байдлын ерөнхий газарт хэд хэдэн дуудлага иржээ. Тухайлбал,
-Дорнод аймгийн Хэрлэн суманд 36 настай эмэгтэй Н гэр бүлийн маргааны улмаас хуучин тоосгоны барилгаас үсрэх гэж байсныг алба хаагчид буулгаж, эмнэлэгт шилжүүлжээ. Тус сумын Силикат хороолол барилгаас хүн үсрэх гэж байна гэх дуудлага өчигдөр 17:00 цагийн үед бүртгэгдсэн байна.
-Ховд аймгийн иргэн 24 настай, эрэгтэй, малчин М нь өглөөний 09:00 цагт гэрээсээ малдаа явахаар гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр 16:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн болон онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажлыг зохион байгуулжээ. Эрлийн багийнхан 17:40 цагийн үед гэрээс нь баруун хойд зүгт 10 км-т “Бэлчирийн рашаан” гэх газраас малчны цогцосыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Сэтгэгдэл үлдээх