Улсын онцгой комисс (УОК)-ын Шуурхай ажлын хэсэг өчигдөр/2021.03.12/ хуралдаж, Эрүүл мэндийн яамнаас гаргасан Улаанбаатар хотын хэмжээнд 28 хоногийн хөл хорио тогтоох саналыг дэмжсэнгүй.
Харин УОК дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд:
Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн 19 цагийн байдлаар 16481 иргэнийг вакцинжуулсан бөгөөд вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 80 мянга гаруй иргэнийг хамруулжээ. Ирэх долоо хоногт 50-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулж эхэлнэ. Covid-19 халдварыг хумих ажлын хүрээнд зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түр зогсоох саналыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг УОК-ын даргад уламжлав.
Эрүүл мэндийн яамнаас гаргасан 28 хоногийн хөл хорио тогтоох саналыг УОК-ын Шуурхай ажлын хэсэг хэлэлцэж дэмжсэнгүй. Цар тахлын үeийн шар буюу хоёрдугаар зэрэглэлд дагаж мөрдөх түр журмын хүрээнд зарим үйл ажиллагааг нэмэлт зохицуулалтаар зохион байгуулахаар заасан. Энэ дагуу хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж танилцуулахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа.
УОК-ын Шуурхай штабаас Covid-19 цар тахлын голомтыг илрүүлэх ажлын хүрээнд эрсдэлийн үнэлгээ хийсэн талаар танилцууллаа.
Эрсдэлийн үнэлгээгээр буяны ажилд оролцож байгаа иргэдээс голомтод халдварууд нэмэгдэж байгаа нь тогтоогдсон учраас оролцож буй хүний тоог цөөлөх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих шаардлагатай байгааг хэлэв.
Covid-19-ын халдварыг хумих, цар тахлаас урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж дагахыг УОК-оос анхааруулав гэжээ.
Сэтгэгдэл үлдээх