Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийг танилцуулсан юм. Тодруулбал, коронавирусээр өвчлөн, эмнэлэгт хэвтэж байгаа болон гэрийн тусгаарлалтад байгаа иргэд 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд явуулын санал авах хайрцгаар санал өгөх боломжтой аж.
Цар тахлаар өвчилсөн хүмүүс ба тэдний ойрын хавьтал зэрэг гэрээсээ гарах боломжгүй иргэд энэ сарын 5-ны дотор харьяа хороондоо хүсэлт гаргаж, мэдээллээ өгөх хэрэгтэй юм. Түүнчлэн дайчлагдан ажиллаж буй алба хаагчид, эмч, эмнэлгийн ажилтнууд болон бусад холбогдох салбарын ажилтнуудаас зөөврийн, битүүмжлэгдсэн саналын хайрцгаар санал авах зохион байгуулалтыг СЕХ-ноос хийж байгаа гэнэ.
Явуулын хайрцгаар санал авах ажлыг 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 09:00-20:00 цагийн хооронд улс орон даяар зохион байгуулна.
Сэтгэгдэл үлдээх