Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явж байсан ачааны галт тэрэг замын хажуу руу унасан байна.
Иймд бид “Улаанбаатар төмөр зам ХНН”-ээс тодруулга мэдээлэл авлаа.
“2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 20:50 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, үер бууж төмөр зам угаагдсаны улмаас Бэлэндалай-Орхонтуул өртөө хоорондын замын 76-р километрт аялж явсан 23 галт тэрэгтэй 3202 дугаар ачааны галт тэрэгний бүрэлдэхүүний дундаас есөн галт тэрэг замаас гарсан байна. Хүний амь эрстээгүй. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг арилгахаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын алба, УБТЗ-ын удирдлага, Дархан, Эрдэнэт, Салхитын төмөр замчид уг газарт ажиллаж, сэргээн босгох ажлыг шуурхай зохион байгуулж байна” гэсэн юм.
Эдгээр есөн галт тэрэгний долоод нь дизель түлш, үлдсэн хоёрт нь элс, масло байжээ. Гурван вагоноос түлш асгарсан байна. Улмаар зургадугаар сарын 25-ны өдрийн 00:55 цагт Улаанбаатар Төмөр замын галын галт тэрэг 6 вагонтой 46 алба хаагчтай хөдөлжээ. Одоо Улаанбаатар Төмөр замын зам, эрчим хүчний засварын ангийн 50 ажилтан, 8 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.
Бид Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албаны даргатай холбогдож, уг хохирлын хэмжээг тодруулахад “Төмөр Замын удирдах газар шуурхай штаб байгуулаад сэргээн босгох үйл ажиллагаа явуулж байна. Манайх бол харуул, хамгаалалттай холбоотой зөвлөгөө өгөөд явж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй. Сайхан сумын Хөтөл тосгоны гал түймэр унтраах ангийн 10 албан хаагч, 2 автомашинтай хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа. Галт тэрэг осолдсон газар гол, нууртай ойрхон биш ” гэв.
Сэтгэгдэл үлдээх