Сангийн сайд Б.Жавхлан Чингис, Гэрэгэ бондын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага хүүтэйгээр дахин санхүүжүүлж өрийн зохицуулалтын арга хэмжээг авсан талаар танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар нь өнгөрсөн оны 9 дүгээр сард олон улс дахь зах зээлийн таатай нөхцөл байдлыг ашиглан 600 сая ам.доллартай тэнцэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ. Энэ удаа “Century” төслийн хүрээнд хугацаа тулаад байсан Чингис болон Гэрэгэ бондын 1.0 тэрбум ам.долларын өр төлбөрийг түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр дахин санхүүжилт хийж өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
- Төслийн нэр: ЗУУН-CENTURY
- Хэмжээ: нийт 1 тэрбум ам.доллар
- Хүү: 3.5% Хугацаа: 6 жил Хэм: 500 сая ам.доллар
- Хүү: 4.45% Хугацаа: 10 жил. Хэм: 500 сая ам.доллар
Дахин санхүүжүүлж зохицуулалт хийх өрүүд:
- Чингис бонд: үлдэгдэл 800 сая ам.доллар. Төлөх хугацаа 2022
- Гэрэгэ бонд: үлдэгдэл 800 сая ам.доллар. Төлөх хугацаа 2023
Монгол Улс 2011-2012 онд 12.3-17.3 хувийн эдийн засгийн өсөлттэй зээлжих зэрэглэл өнөөгийн түвшнөөс хоёр дахин дээгүүр байсан эдийн засгийн оргил үедээ 10 жилийн хугацаатай 5.125 хувийн хүүтэй 1 тэрбум ам.долларын Чингис бондыг гаргаж байсан. Энэхүү бондын эргэн төлөлт ирэх жил хийгдэх гэж байна.
Харин энэ удаад Монгол Улсын эдийн засаг 2020 онд 5.3 хувийн агшилттай цар тахлын хэцүү цаг үед бид Century төслийн хүрээнд түүхэндээ хамгийн бага түвшний хүүтэйгээр буюу зургаан жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй 500 сая ам.долларын нийт 1 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтыг амжилттайгаар хийлээ.
Манай улс В үнэлгээтэй улсуудтай харьцуулахад хамгийн бага хүүтэйгээр өмнөх бондуудыг дахин санхүүжүүлж чадлаа.
Энэ нь олон улсын хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл өндөр байгааг харууллаа. Ирэх жилүүдэд төлөх өрийн дарамт буурах төдийгүй зээлжих зэрэглэл сайжруулахад чухал нөлөөтэй юм.
Сэтгэгдэл үлдээх