Орхон аймгийн 17 дугаар сургуулийн хана, тааз, шал цөмөрч эрсдэлт нөхцөл байдал үүссэн тухай мэдээлэл энэ сарын 3-ны өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан. Энэ асуудлыг шалгахаар Мэргэжлийн хяналтын болон Онцгой байдлын алба газар дээр нь ажиллаж байгаа юм байна. Сургуулийн барилгын хана, тааз зэрэг цөмөрч хичээллэх орчинд эрсдэл учирсан тул тус сургуулийн сурагчдыг цахим хичээлд үргэлжлүүлэн хамруулахаар болжээ. Энэ талаар холбогдох мэргэжилтнүүдээс Баасан гаригт /2021.9.3/ тодруулахад:
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн:
-17 дугаар сургуулийн сургалт цахим хэлбэрт шилжиж байгаа. "Урагшлах" ХХК-ийнхантай холбогдож барилгын засвар, шинэчлэлийн ажлыг яаралтай хийхийг шаардсан. Тендерт шалгарч ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүд хариуцлагаа дээшлүүлж, чанартай барилга барих цаг болсныг өнөөдрийн үйл явдал харуулж байна.
2017 ОНД АШИГЛАЛТАД ОРСОН ХИЧЭЭЛИЙН БАЙРАНД СУРГАЛТ ЯВУУЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
17 дугаар сургуультай холбогдож асуудлыг хэрхэн шийдвэрлэх, нөхцөл байдал ямар байгааг асуухад “Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэ сургуулийн барилга 2017 оны нэгдүгээр сард ашиглалтад орсон. Манай сургуульд бага ангийн 500 гаруй сурагч, цэцэрлэгийн хоёр бүлэгт 70 гаруй хүүхэд, нийтдээ 600 гаруй хүүхэд хичээллэдэг. Өнөөдрөөс бүх сургалтаа цахимд шилжүүлж байна. Хүүхдүүдээ хичээл сургалтаас хоцроохгүйн тулд цаасан материал тараах, ном хэрэгслээр хангах зэргээр багш нар маань бүх боломжийг эрэлхийлж байна. Барилгын ажлыг Хөвсгөл аймагт байрладаг "Урагшлах" ХХК гүйцэтгэсэн. Одоогоор мэргэжлийн байгууллагууд ирж цууралт болон эрсдэлийг тогтоохоор ажиллаж байгаа” гэсэн юм. Харин Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус сургуулийн тусгаарлах ханануудын доор нь ус алдаж, суурь нь суусан байна. Доод талд нь байсан инженерийн шугамаас ус алдаж, суурь хөрс нь суусан гэсэн дүгнэлт гарсан. Дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөх боломжгүй гэлээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар сургуулийн хичээлийн хоёрдугаар байранд нуралт үүссэн асуудлыг одоогоор хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байна. Тухайн барилгыг орон нутгийн хөрөнгө оруулалтын 2.1 тэрбум төгрөгөөр барьсан бөгөөд гүйцэтгэгч компаниар нь "Урагшлах" ХХК ажилласан юм. Тус хичээлийн байранд үүссэн хохирлыг гүйцэтгэгч компани бүрэн хариуцах эсэх нь ч одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл үлдээх