ИРГЭН Э: Сураггүй алга болсон нөхрөө нас барсныг 11 жилийн дараа мэдлээ

Өнгөрөгч 2010 оны наймдугаар сарын 4-нд сураггүй алга болсон 52 настай эрэгтэй М-ын цогцсыг 11 жилийн дараа ар гэрт нь таниулсан тухай бид өмнө мэдээлж байв.

Тухайн үед цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул тухайн цаг үед нас барсан иргэдийн цогцсыг ар гэрт нь үзүүлж, таниулах арга хэмжээг удаа дараа авчээ. Улмаар энэ оны хоёрдугаар сард “Халуунд хөөж хавдсан, царай нь үл танигдах, зүүн гарын алганы ар болон биеийн зарим хэсэгт сорвитой” цогцосны зургийг үзүүлснээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн нас барсныг олж мэджээ.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид талийгаачийн эхнэр Э, охин Н нарт уг цогцсын гэрэл зургийг үзүүлэхэд, хамрын хуучин сорви, зүүн нүдний хүүхэн харааны харц, монхор хамар, өтгөн хөмсөг, буурал үс зэрэг нь 100 хувь таарч байгааг хэлсэн аж. Ийнхүү олон жил амьд үгүйг нь мэдэхгүй сэтгэлийн шархтай явсан гэр бүл хожимдсон ч гэсэн талийгаачийнхаа сургийг гаргасан тухайгаа хэлсэн юм. Бид талийгаачийн эхнэр Э-тэй холбогдож, тодруулга авснаа хүргэж байна.

-11 жилийн өмнө юу болсон тухай хэлж өгөөч?

-Манай нөхөр архи уудаг, архины хамааралтай байсан. 2010 оны тавдугаар сараас сураггүй алга болсон ч, наймдугаар сараас албан ёсоор цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Нөхөр маань ер нь үе үе урт богино хугацаагаар гэрээсээ яваад эргээд ирдэг байсан. Тиймээс тухайн үед алга болоход нь эргээд ирэх байх гэсэн хүлээлттэй байсан л даа. Ингээд хоёр гаруй хугацаа өнгөрсний дараа эрэл хийж, цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн.

-Нөхөр тань 2010 оны таван сард алга болсон байхад яагаад гурван сарын дараа эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан юм бэ?

-Нөхөр минь хамгийн сүүлд наймдугаар сарын 1-нд охинтойгоо утсаар ярьсан байсан. Охин минь тухайн үед Бөмбөгөрт дүүгийн лангуунд суудаг байсан юм. Тэгэхэд “Аав нь хоёр өдөр хоол идсэнгүй” гэж ярихад нь охин “Та ирээд мөнгө авчих” гэсэн юм билээ. Ингээд аавыгаа ирнэ гээд хүлээхэд нь ирээгүй болохоо хэлсэн.

Түүнээс хойш сураггүй болсон учир “ямар нэгэн муу зүйл тохиолдчихлоо” гээд цагдаад хандсан. Ингээд эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн ч үр дүнд хүрээгүй. Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч тавдугаар сард “Энэ таны нөхөр мөн үү” гээд цогцосны зураг харуулахад мөн байсан. Очоод мөрдөгчтэй уулзан, шүүх шинжилгээний эмнэлэгт очиход “Гурван сар моргт байсан” гээд нөхрийн минь хоёр зургийг харуулсан.

-Үхлийн шалтгааныг нь та асуув уу?

-Асуусан. 2020 оны наймдугаар сарын 4-ны өдөр “Хархорин захын хойд талд нас барсан хүн байна” гэх дуудлага ирээд цогцсыг авсан гэдгээ хэлсэн. Тэгээд одоо ингээд 11 жил өнгөрсний дараа л нөхрөө амиа алдсан гэдгийг олж мэдсэн. Өмнө нь цагдаагийн байгууллагаас яриад, очоод уулзахад янз бүрийн цогцоснуудыг харуулдаг байсан. Би гурван удаа очсон ч, нөхрийгөө олоогүй.

Сүүлд таван сард очихдоо нөхрийнхөө цогцсыг олсон. Дараа нь шүүх эмнэлэгт очиход овог нэртэйгээ байсан. Талийгаачийн цогцос моргт гурван сар болоход ар гэр нь олдоогүй учраас оршуулсан гээд зураг харуулсан. Доош нь цувуулаад нэлээн олон хүний шарилыг оршуулсан байгаа нь харагдсан. Нөхрийн минь шарил дээрээсээ хоёрт нь байсан.

-Нөхөр тань алга болох үед та хоёр тусдаа амьдардаг байсан уу?

-Би охиныгоо 7 настай байхад нөхрөөсөө салж, тусдаа амьдарч байсан. Нөхөр маань ээжтэйгээ амьдарч байсан ч, дээр дурдсанчлан үе үе алга болчихдог байсан. Ханилаад долоон жил болсон ч архи уух байдал нь ихсэж, сүүлдээ тэвчээр тасраад тусдаа амьдарсан даа.

Ээж нь хэдийгээр “Битгий архи уу” гээд дэргэдээ байлгадаг байсан ч, долоо хоног уухгүй өнжөөд эргээд л уугаад гараад явчихдаг байсан. Анх танилцахад архинаас гарах эмчилгээд явсан, амьдралд алдсан ч сайн хүн байна гээд “Сайхан амьдаръя” гэх сэтгэлээр суусан ч, миний санаснаар болоогүй. 1994 онд ханилж, 2001 онд хоёр тийш болж байсан.

-Охин нь талийгаач аавтайгаа хэр дотно байсан бэ. Сураггүй алга болсон нь хүнд туссан болов уу?

-Сүүлд аавтайгаа утсаар ярьсан нь одоог хүртэл охиныг минь шаналгадаг юм шиг санагдсан. “Хоёр гурав хоног хоол идээгүй, аав нь өлсөөд байна” гэхэд нь яваад очдог байж гэж ярьдаг. Сураггүй алга болсноос нь хойш аавыгаа залгах болов уу гээд утасны дугаараа сольдоггүй байсан” гэв.

Ийнхүү тэрбээр хоолойны өнгөө засаж, харцанд нь гуниг хургасан нүдээр ширтэж, “Талийгаач маань архи уудаг байсан ч, одоо байгаа газраас нь холдуулж, нэр төртэй оршуулга хийхийг хүсэж байна. Ядаж ингээд үхсэн, амьдыг нь мэдсэн болохоор сэтгэл амарлаа” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Beddsl

cheap lipitor <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 10mg generic</a> atorvastatin 40mg brand