"Хойд урсгал-2" хий дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил хэдхэн хоногийн дараа дуусаж, ашиглалтад орно гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.
Энэхүү төслийн сүүлчийн хоолойг Балтийн тэнгист гагнаж дууссан бөгөөд 200,858 дугаартай уг хоолойг удахгүй Германы далайн ёроолд буулгана гэж төслийн оператор "Nord Stream 2 AG" мэдээлсэн юм. Тэдний мэдэгдэлд "Хойд урсгал-2 нь Европын эрчим хүчний зах зээлийн хийн импортын урт хугацааны хэрэгцээг хангаж, нийлүүлэлтийн аюулгүй, найдвартай байдлыг сайжруулан, эдийн засгийн зохистой нөхцөлд хий нийлүүлэхэд хувь нэмэр оруулна" хэмээн тэмдэглэсэн байна.
Лавров уг төслийн талаар "Одоог хүртэл "Хойд урсгал-2"-ын талаар довтолгоо ирсээр байгаа хэдий ч хоолойн бүтээн байгуулалт хэдхэн хоногийн дараа дуусна гэдгийг америкчууд аль хэдийн ойлгож байгаа" хэмээн ярьжээ.
Түүний хэлснээр, АНУ нь шингэрүүлсэн байгалийн хийгээ зах зээлд шахахыг хүсэж байгаа боловч үүнийг байгальд хор хөнөөлтэй аргаар гаргаж авдаг бөгөөд хамаагүй үнэтэй аж.
"Хойд урсгал-2" нь Оросын эргээс Балтийн тэнгисээр дамжин Герман хүрэх нийт 55 тэрбум шоо метрийн хий дамжуулах хоолойн хоёр шугам барих төсөл юм. 2019 оны 12 дугаар сард Швейцарын тал АНУ-ын хориг арга хэмжээний аюул заналхийллийн улмаас хоолой тавих ажлыг гүйцэтгэхээс татгалзан, ажлыг зогсоосон билээ. Харин 2020 оны 12 дугаар сараас уг хий дамжуулах хоолойн барилгын ажил дахин эхэлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх