Барилгын материалын үнэ ханш нийлүүлэлтийн хомсдлоос шалтгаан огцом өсөөд байсан билээ. Ялангуяа арматур болон төмөр хийцлэл, мод, хавтангууд, цемент, блок, тоосго зэрэг гол бараа материалууд өмнөх оныхтой харьцуулахад хоёр, гурав дахин өсөөд байсан. Товчхондоо 6:8 харьцаатай байшин барихад өмнө нь дунджаар 10 сая төгрөгийн материал ордог байсан бол 15-20 сая төгрөгөөр босч байна гэсэн иргэдийн бухимдал их байсан. Тэгэхээр томоохон бүтээн байгуулалтын ажилд үнийн хөөрөгдөл үүнээс ч илүү нөлөөлж байгаа юм. Тиймээс үнэ тогтворжихоор бүтээн байгуулалтын ажлаа эхэлнэ гэж хойш тавих тохиолдол нийгмийн дунд бий. Тэгвэл нийлүүлэлт нэмэгдэж барилгын материалын үнэ буурч эхэлжээ. Тухайлбал, өмнө нь 12 мянган төгрөгийн үнэтэй байсан гипсин хавтан 24 мянган төгрөг хүрээд байсан бол одоо 20 мянган төгрөг болж буурчээ. Энэ мэтчилэн барилгын материалын үнэ буурч байгаа талаар худалдаа эрхлэгчид ч хэлж байна. Ингээд барилгын материалын худалдаа эрхлэгч болон хэрэглэгчдээс үнэ ханшийн талаар тодрууллаа.
“Ер нь материалын хомсдолгүй болсон учраас үнэ өдөр ирэх бүр буурч байна. Тээврийн зардал буурвал дахиад буурах ч хандлагатай байна”
100 айл дээрх барилгын материалын худалдаа эрхлэгч Уянгаас бараа материалын үнэ ханшийн талаар тодрууллаа.
– Манай дэлгүүр ихэвчлэн хавтан, хуурай хольц худалдаалдаг. Мөн заслын болон жижиг материалууд бас бий. Панер 45-50 мянган төгрөгийн үнэтэй байсан бол сая 90 мянган төгрөг хүрсэн. Одоо буцаад үнэ нь буугаад 60 мянган төгрөг хавьцаа болж байна. Гипсин хавтан хамгийн хямд нь 10 мянган төгрөгийн үнэтэй байсан. Гипсин хавтан хямд нь л 24 мянган төгрөг хүрсэн. Одоо мөн буугаад 20 мянган төгрөгөөр зарагдаж байна. Хятадаас орж ирдэг хамгийн хямд нь л шүү дээ. Ер нь том оврын бараа материалын үнэ л бараг нэг, хоёр нугарсан. Хуурай хольцнууд буюу замаск зэргийн үнэ харьцангуй үнэ тогтвортой байсан. нэг хэсэг хор нь тасарсан болон тээврийн зардал өссөнтэй холбоотойгоор үнэ бага зэрэг нэмэгдсэн. Одоо цагаан замаск килограмм нь 9000 төгрөгөөр худалдааглагдаж байна. Өмнө нь 7000 төгрөгийн үнэтэй байсан. Ер нь материалын үнэ 5000-20000 төгрөгөөр бууж байна.
Жижиглэнгийн бараа материалын үнэ хэр тогтвортой байна вэ?
– Жижиглэнгийн бараа үнэ бараг нэмэгдээгүй. Тэлэгчтэй шрүп өмнө нь 12-13 мянган төгрөгийн үнэтэй байсан бол 15 мянган төгрөг болсон байна. Ер нь жижиглэнгийн бараа материал нэмэгдсэн ч ганц хоёр мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Тэгэхээр тээврийн үнэ сайн буучихвал үнэ ханш дагаад буух бүрэн боломжтой харагдаад байгаа?
– Тэгэлгүй яахав. Уг нь бараа материалын үнэ өдөр ирэх тусам буух хандлагатай байна. Нэг хэсэг ачаа тээвэр гацсантай холбоотойгоор 7000 төгрөгийн үнэтэй барааг 10 мянган төгрөгөөр зарж байлаа гэж бодоход хажуугийн лангуунууд 8000 төгрөгөөр зараад эхэлбэл би дагаад л үнээ буулгана. Хэдий ховор байхад нь үнэтэй авсан ч одоо лангуу бүр дээр нөөц их болчихсон бол би бага ашиг хараад л бараагаа дуусгахыг бодно шүү дээ. Гэвч ачаа тээврийн үнэ дорвитой буухгүй байна. Засгийн газраас хүмүүс очоод тээврийн зардлыг буулгалаа гээд хэвлэл мэдээллээр яриад байгаа. Яг бодит байдал дээр мэдэгдэхүйц буусан юм алга. Яахав 5000-10000 юанийн хооронд л тээврийн хөлс буурсан. Зөвхөн Эрээнээс Замын-Үүд орох тээврийн хөлс 90-100 мянган юань хүрсэн ш дээ. Одоогоор хамгийн их даацтай ачаа ачлаа гэхэд 70 мянга орчим юаниар ачиж байгаа. Засгийн газраас жолооч нартай гэрээ хийсэн л гэсэн. Гэхдээ нэг жолооч 20 сая төгрөгөөр ачаа ачихад ямар ч жолооч 10 саяаар ачихыг бодохгүй ш дээ. 20 саяар л ачаа ачина. Аль нэг компани л өөрийнхөө ачааг 10 сая төгрөгөөр л ачина уу гэхээс яг бодит байдал дээр бол 10 сая төгрөгөөр ачаа ачиж байгаа жолооч бол байхгүй.
Нэг хэсэг тээврийн үнэ 40-50 сая төгрөг хүрээд байсныг бодвол харьцангуй буужээ?
– Тэгсэн. Гэхдээ ачиж байгаа бараа материалынхаа төрлөөс хамаарч бас тээврийн үнэ өөр байна. Овор ихтэй, даац ихтэй автомашинуудын үнэ хэвээрээ байна. Яагаад гэхээр цөөхөн юм ачаад үнэтэй ачихаар мэдээж зардал өндөр болно. Үнэтэй хэрнээ овоо их юм ачдаг машины зардал харьцангуй бага туссах тал байна. Наймаа эрхэлж байгаа бид нар бол үнэтэй ч гэсэн их юм ачуулж байгаа юм чинь гээд л нүдээ аниад л ачуулж байна.
“Барааны нийлүүлэлт ихэссэн учраас үнээ бага багаар буулгаж байна”
– Гурвалжингийн гүүрний барилгын материалын төвд худалдаа эрхлэгч Д-аас тодрууллаа.
Гурвалжийн гүүр, 100 айл зэрэг ялангуяа томоохон бөөний төвүүдэд бараа материалын үнэ буурч байгаа юм байна. Таны худалдаалж буй бараа материалд үнэ буурч байгаа зүйл ажиглагдаж байна уу?
– Бага зэрэг буурч байна. Ялангуяа хавтангууд 10000-20000 төгрөгөөр буурсан. Шилэн хөвөн мөн бага зэрэг буурсан. Жижиглэнгийн материалууд 1000, 2000, 5000 төгрөгөөр буурч байна шүү.
Нийлүүлэлт сайжирсан уу?
– Тэгсэн. Сүүлийн саруудыг бодвол бараа материал хомсдолт орохгүй харин ч их болсон. Тиймээс хурдан эргэлдүүлж мөнгөө гаргаж авахын тулд бага багаар үнэ буурч байна.
“Арматурын үнэ 3.1 саяаас 2.8 сая төгрөг болж буурсан байна”
– Барилгын компанийн нярав А-аас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
Барилгын материалын үнэ бууж байгаа нь мэдэгдэж байна уу?
– Одоо буух байлгүй. Гурвалжингийн гүүрийн барилгын материалын төвүүдээр төмөр хийц метр квадрат нь 200-300 мянган төгрөг буусан байна. Хар панер 60 мянган төгрөг гээд олдохгүй байсан. Одоо 50 мянган төгрөгтэй байна. Ер нь нийтдээ бууж байгаа юм биш үү.
Арматур хэд төгрөгөөр буурсан байна?
– Армутар төмөр өмнө нь метр куб нь 1.7 сая төгрөгийн үнэтэй байсан бол сая 3.1 сая төгрөг хүрээд байсан. Сүүлийн өдрүүдэд овоо бууж байна. Метр куб нь дунджаар 2.8 сая төгрөгийн үнэтэй байна. Зөвхөн арматур ч гэлтгүй дээврийн төмөр, төмөр хийцлэлийн үнэ бага багаар буурч байна.
Цемент, тоосго, блок зэрэг материал хэр буурч байна вэ?
– Хөнгөн блок 150 мянган төгрөгөөс 220 мянган төгрөг хүрсэн. Одоо дунджаар 160 мянган төгрөгийн үнэтэй байна. Цемент харьцангуй гайгүй. Тоосго жаахан үнэтэй байна. Өмнө нь дундаж чанарын тоосго 450 төгрөг байсан бол одоо бөөндөө 1250 төгрөгөөс буухгүй л байна.
Модны нийлүүлэлт бага байна
Модны худалдаа эрхлэгч Ц-ээс тодрууллаа.
Барилгын материалын үнэ нэлээд буурч байна. Модны үнэ буурч байна уу?
– Одоохондоо нэг их айхтар үнэ буураагүй л байна. Банзнууд метр куб нь 300 мянган төгрөгийн үнэтэй байна.
Палк хэдэн төгрөгийн үнэтэй байна?
– Палк метр куб нь 80-85 мянган төгрөгийн үнэтэй байгаа.
Өмнө нь үнэ хөөрөгдөөгүй байхаас бараг гурав дахин өсчихөөд байна уу?
– Өмнө нь 35 мянган төгрөгийн үнэтэй байсан. Одоо доод тал нь 80 мянган төгрөгийн үнэтэй байгаа.
Яагаад олигтой буухгүй байна вэ. Ачаа тээвэр өмнөхөө бодвол харьцангуй саатал багатай орж байгаа шүү дээ?
– Хил гаалиар орж ирж байгаа нийлүүлэлт бага байна. Тээврийн зардал их байна зэрэг мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл үлдээх