СЕХ: Сонгуулийн ирц хүрэхгүй бол дахин санал хураана

НЭМЭЛТ: 17.00 ЦАГ

Сонгуулийн ерөнхий хорооноос 17:00  цагийн мэдээллийг танилцууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны 16.00 цагийн ирцийн мэдээлэлд Хэнтий аймагт  10641 сонгогч буюу  20.3 хувь нь, Сонгинохайрхан дүүрэгт 26508 буюу 23.8 хувийн ирцтэй саналаа өгчээ.

17:00 цагийн байдлаар  Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт санал хураалтын ирц 25.20 хувь буюу 28720 иргэн, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт 22.33 буюу 11330 иргэн саналаа өгсөн байна.

ЗАЛУУСЫН ИДЭВХ ТААРУУ БАЙНА

СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН:

-Санал хураалт үргэлжилж байна. Сонгогч танд саналаа өгөх таван цагийн хугацаа байна. Иргэд та бүхнийг 22:00 цагаас өмнө саналаа өгөхийг уриалж байна. Санал хураалт 22:00 цагт хаах тул иргэд түүнээс хойш саналаа өгөх боломжгүй. Энэ удаагийн сонгуулиар иргэдийн сонгох эрхийг эдлүүлэхийн тулд УИХ-аас 2.2 тэрбумын зардал баталж, 148 хэсгийн хороонд 2500 орчим алба хаагч ажиллаж байна. Хэрэв сонгуулийн санал хураалт 50 хувьд хүрэхгүй бол дахин санал хураалт явуулж, хүн хүч, хөрөнгө мөнгөний зардал гарна. Залуусын идэвх оролцоо маш тааруу байна. Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхийг эдлүүлэхийн тулд бүх талын арга хэмжээ авч байна. Сонгогчдын саналыг авахын тулд бид бэлтгэл ажлыг хангаж, боломжтой бүх арга хэмжээг авч байна. Иргэд саналаа өгөх таван цагийн хугацаанд амжиж сонгох эрхээ эдлэхийг уриалж байна.

СОНГОХ ЭРХЭЭ ЭДЛЭХГҮЙ БОЛ ТАНЫ ХҮСЭЭГҮЙ ҮР ДҮН ГАРАХ НЬ ТОДОРХОЙ

СЕХ-ны Ажлын албаны дарга Д.БАЯНДҮҮРЭН:

-28 дугаар тойрогт 28-43 насны 72 мянга гаруй сонгогч байна. Гэтэл ирц оролцоо 15 хувьтай байна. Харин 45-70 хүртэл насны 41800 сонгогч байна. Ирцийн хувьд 30 орчим хувьтай байна. Залуус олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо идэвхтэй илэрхийлдэг. Тиймээс үзэл бодлоо илэрхийлэх боломж нь сонгуульд саналаа өгөх юм. Гэтэл сонгуулийн санал хураалт бүрийн дараа иргэд бидний хүсээгүй үр дүн гарлаа гэх гомдол шүүмжлэл тасардаггүй. Залуус сонгуульдаа ирж оролцоогүй болохоор таны хүсээгүй дүн гарах нь тодорхой.

Сонгогчийн саналыг худалдаж авах хууль бус үйлдэл гарвал иргэд цагдаагийн байгууллагад мэдээлэхийг уриаллаа. Энэ тухай баримтжуулж цагдаагийн байгууллагад мэдээлбэл хуулийн дагуу 10 дахин их мөнгөн урамшуулал авах эрхтэй болохыг Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэв. Тус хорооноос мэдээлснээр, өнөөдрийн байдлаар нам, эвслүүдээс ямар нэгэн гомдол бүртгэгдээгүй. Харин утсаар авч буй мэдээллээр хэсгийн хороодод дотоод зохион байгуулалттай холбоотой гомдол мэдээлэл гарч, шуурхай хариу арга хэмжээ авч шийдвэрлэжээ.


Сонгуулийн ерөнхий хорооноос 13:00 цагийн ирцийн мэдээллийг танилцууллаа.

УИХ-ын нөхөн сонгуулийн ирцийг 12:00 цагийн байдлаар танилцуулахад, 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 5575 сонгогч буюу 10.9 хувь нь саналаа өгчээ. Мөн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт 12857 сонгогч буюу 13 хувь нь саналаа өгөөд байгаа аж. Мөн 13:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт ирц 15.75 хувь буюу 17952 иргэн саналаа өгсөн байна. Харин Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт нөхөн сонгуулийн санал хураалтын ирц 12.63 хувьтай, 6412 иргэн саналаа өгчээ. Хэрэв сонгуулийн ирц 50 хувиас дээш гарахгүй бол долоо хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулдаг журамтайг СЕХ мэдээлэл хийхдээ онцлов.

СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН: 

-Цар тахалтай холбогдуулан эмнэлэг болон гэрийн тусгаарлалтад буй сонгогчдын саналыг зөөврийн хайрцгаар авсан. Нийт 1224 сонгогчийн санал авсан. Хэнтий аймгийн дөрвөн суманд өчигдрийн байдлаар цахилгаан тасарсан нөхцөл байдал ажиглагдсан. Тус аймагт санал хураалт хэвийн үргэлжилж байна. Хэнтий аймагт 1164 нь буюу 86.6 хувь зөөврийн саналын хайрцгаар саналаа өглөө. Зөөврийн саналаа хайрцгаар саналаа өгсөн сонгогчдоос зарим нь тусгаарлах байрнаас гарсан, хаяг дээрээ байхгүй зэрэг нийтлэг зүйлс ажиглагдаж байна. Улсын хэмжээнд 87.7 хувь зөөврийн санал хайрцгаар саналаа өглөө.

Өнөөдөр хоёр тойргийн хэмжээнд 148 хэсгийн хороонд 212 санал тоолох төхөөрөмж ажиллаж байна. Одоогоор санал тоолох төхөөрөмжид ямар нэгэн алдаа, эвдрэл гэмтэл гараагүй тул санал хураалт хэвийн үргэлжилж байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв.

Сонгогчид хурууны хээгээр саналаа өгнө. Хэрэв санал хураахад хурууны хээ уншихгүй бол иргэний үнэмлэх болон хуулбарыг е-mongolia цахим хуудсаар авч оролцох боломжтой. Сонгогч саналаа өгөх хаягийн мэдээллийг тодорхой байршуулж байгаа билээ. Хэрэв саналаа хаана өгөхөө мэдэхгүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын сайт руу регистрийн дугаараар нэвтэрч, мэдээлэл авч болох юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Sbwgob

atorvastatin for sale online <a href="https://lipiws.top/">purchase lipitor online cheap</a> order lipitor 10mg for sale