УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох товтой байсан ч шүүгдэгч З.Энхболд ирээгүйн улмаас хойшлуулсан юм.Тодруулбал, З.Энхболд “өвчний учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул хуралдааныг хойшлуулах” хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт шүүхэд ирүүлсэн байна. Шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хянан хэлэлцээд шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно гэж заасны дагуу хуралдааныг хойшлуулсан ч хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэж үзэн шүүгдэгч З.Энхболдыг дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралдааныг 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 13:30 цагт хийхээр тогтсон юм. Нийслэлийн прокурорын газраас Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм.