Дүүжин тээвэртээ гацсан Түгжрэлийн сайд хариуцлагын гадуур өнгөрсөөр байх уу?

Нийслэлийн замд автомашинууд хахаж, олон цагаар түгжирч, ойр ойрхон тэг зогсолт хийх болсон. Төр засаг, холбогдох албаныхан гээд дор бүрдээ түгжрэлийг сааруулах элдэв арга саам хайж байгаа ч “бай”-гаа оносон нь алга байна. Гэвч гараа хумхиад суулгүй, туршилтын хэд хэдэн ажил хийсэн нь бүтэлтэй болоогүй юм. Хамгийн сүүлд гэхэд л Тээврийн цагдаагийн албанаас зарим замын хөдөлгөөний зохион байгуулалтыг түр хугацаагаар өөрчлөн зохицуулсан.

Тодруулбал, Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замыг, Хан-Уул дүүргийн Е-mart худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-ийн уулзвар хүртэлх замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өглөөний 07:00-10:00 цаг хүртэл, хойд чиглэлд зорчих эгнээг гурав, урд чиглэлд зорчих эгнээг нэг, оройн 17:00-20:00 цагийн хооронд эсрэг чиглэлд буюу хойноос урагш зорчих чиглэлд гурав, урдаасаа хойшоо явах чиглэлд нэг эгнээ болгож, зорчих хөдөлгөөнийг түр өөрчлөн зохион байгуулсан. Гэвч энэхүү шийдвэрээ иргэдийн ажил тарах цагтай давхцуулснаас жолооч нар олон цагаар зам дээр таг гацсан нь тэднийг бухимдуулж,  гаргасан шийдвэр бүр нь шүүмжлэл дагуулдаг хэмээн Хотын даргыг буруутгасан.

Харамсалтай нь, энэхүү  асуудалтай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албаны дарга Т.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гаргасан билээ. 

Тэрбээр энэ тухайгаа, "Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийг бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов. “Туршилт”-ыг зогсоосон. Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье" гэсэн юм.

Энэ гэнэтийн шийдвэр иргэдэд цочир тусаж, түгжрэл шийдэх гэж арга зам хайсан Тээврийн цагдаагийн газрын даргыг чөлөөлснийг хүлээн зөвшөөрөөгүй. Үнэхээр түүнд хариуцлага тооцвол Түгжрэлийн сайдад яагаад хариуцлага  тооцсонгүй вэ гэх асуулт тавьж, хариуг шаардаж байна.

Үнэндээ, Түгжрэлийн сайдын ганц ярьж буй нь Дүүжин тээвэр болсон. 200 мянган иргэнийг автомашинаас нийтийн тээвэр рүү шилжүүлнэ. Дүүжин тээврийг ашиглалтад оруулснаар түгжрэл 40 хувиар буурна гэх. Үнэндээ номхон тэмээг ноолоход амар гэгчээр ажил хийхээр зорьсон нэгнийг түгжрэл үүсгэлээ гээд халчихдаг.

Гэтэл түгжрэл дээд цэгтээ хүрсэн ч хөндлөнгийн ажиглагч аятай биеэ нөөж суудаг Б.Дэлгэрсайхан сайд хариуцлагын хаагуур өнгөрөөд байна вэ.

Тэрбээр энэ албан тушаалд очсоноосоо хойш гялтайх ганц шийдвэр гаргасан уу. Санаа оноо дэвшүүлэв үү. Үгүй. Харин дүүжин тээвэртэйгээ гацчихаад ганц ярьдаг нь сэдэв нь энэ болсон нь үнэн.