Утасныхаа төлбөрийн үлдэгдэл таван мянган төгрөгийг төлөөгүйгээс Монголбанкны хар жагсаалтад бүхэл бүтэн зургаан жилээр оруулж, санхүүгийн бүхий л боломжийг нь хаадаг харгис шийдвэрийг уян хатан болгохоор УИХ-ын гишүүн Э.Батшугар Монголбанкны удирдлагуудтай уулзан хамтарсан Ажлын хэсэг гараад байгаа билээ.
Э.Батшугар гишүүний цагаа олсон, мэдэрсэн энэхүү санал, санаачилга нийгэмд хүлээлт үүсгээд буй юм. Ажлын хэсгийнхэн хохирлоо, мөнгөө төлчихвөл хар жагсаалтаас шууд гаргадаг байхаар зохицуулалт хийхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүгийн эрх чөлөөгөө боомилуулсан олон айл өрх, залууст амьдралд нь ихээхэн дэмжлэг болох нь лавтай. Тиймдээ ч Э.Батшугар гишүүнийг эхлүүлснээ дуусгаж, санхүүгийн шоронгоос иргэдээ хэзээ чөлөөлөх вэ хэмээн сураглаад эхэлжээ. Гишүүний хувьд залуу улстөрч ч гэлээ эдийн засаг, санхүүгийн мэдлэг, туршлагаараа парламентдаа тэргүүлдэг.
Тэрбээр 2008 онд сургуулиа төгсөөд Америкийн “Жи Пи Морган” /JP Morgan/ хөрөнгө оруулалтын банкинд банкираар ажлын гараагаа эхэлж улмаар Английн Лондон хотын салбарт шилжин ажилласан. Ийн ажиллахдаа хувьцааг анхдагч зах зээлд гаргах /IPO/, бонд гаргах, санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглан хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай харилцагчидтай илүү түлхүү ажиллаж байсан. ОХУ, Африк, Азийн болон Арабын орнуудын уул уурхай тэр дундаа газрын тосны чиглэлийн компаниудтай ихэвчлэн хамтарч ажилладаг байжээ. Парламентын хамгийн залуу түшээ Э.Батшугар 2008-2011 онд олон улсын хөрөнгийн зах зээл дээр 10 тэрбум ам.долларыг компаниудад босгож өгсөн байна.