Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ цаг үеийн асуултад хариуллаа.
- Нам, эвсэл, бие даагчид УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг хүргүүллээ. Гэвч зарим хүн сонгуульд өрсөлдөхгүй гэдэг санал хүргүүлж байгаа гэх мэдээлэл байна?
Зургаадугаар сарын 24, 25-нд улс төрийн нам, эвсэл, бие даагчдаас нийт 1416 хүн материалаа хүлээлгэн өгсөн. Өнөөдөр зарим нэг нөхцөл байдал үүсээд байгаа нь “Намайг мэдээгүй байхад намаас сонгуульд нэр дэвшүүлсэн байна. Сонгуульд нэр дэвшихээ мэдсэн ч би нэр дэвшихээ болилоо” гэдэг хүсэлт ирүүлж байгаа. Ийм хүсэлт ирүүлэх бүрэн боломжтой. СЕХ нэр дэвшигчийг бүртгээд тогтоол гаргахаас өмнө нэр дэвшихээс татгалзах бүрэн эрхтэй. СЕХ-нд дөрвөн хүн нэр дэвшихээс татгалзлаа гэсэн мэдэгдэл ирүүлсэн. Нэр дэвшүүлж байгаа нам, эвслүүд, намаас нэр дэвшигч нь сонгогдох эрхээ хэрэгжүүлнэ гэдэг эргээд маш өндөр хариуцлага байдаг. Сонгуульд ямар зардлаар орж байгаа юм, хандивыг хаанаас цуглуулсан юм гэдэг зардлын тайланг хуулийн хугацаанд багтаан гаргаж өгөх ёстой байдаг. Ийм тайлан гаргаж өгнө гэдгээ мэдэхгүй явж байгаад 2020 оны сонгуулиар 600 гаруй хүн тус бүр 10 сая төгрөгөөр торгуулж байсан.
- АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэнтэй холбоотойгоор СЕХ тайлбар тодруулга авна гэж байсан. Авсан уу?
Ардчилсан намаас тайлбар тодруулга ирүүлсэн. СЕХ-нд Ардчилсан намаас нэг л баримтыг хүлээлгэж өгсөн нь 32 дугаар тотгоол юм. Нийгмийн сүлжээнд яваа шиг олон янзын мэдээлэл нь ор үндэсгүй худал юм. СЕХ нь эрх бүхий байгууллагаас тодруулга авсан гэж үзэж байгаа.