Б.Батцэцэг: БНЧУ-тай 75 жил харилцсаны эцэст өнөөдөр иж бүрэн түншлэлийн төвшинд хүрч байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.

-БНЧУ-д хийж буй төрийн айлчлалын ач холбогдол, үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Арван жилийн дараа Монгол Улсын Төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч БНЧУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж байна. Айлчлал бол хоёр орны харилцааны хамгийн оргил нь байдаг. Ялангуяа төрийн айлчлал бол харилцаа  болоод олон жил яригдсан зүйлүүдийн хамгийн эцсийн шатанд тохирсноо нотлох, зарлан тунхаглахаас гадна хамгийн том амжилт нь төвшин ахиулах явдал байдаг. Төвшин ахиулна гэдэг бид энэ улстай 75 жил харилцсаны эцэст өнөөдөр иж бүрэн түншлэлийн төвшинд хүрч байна гэсэн үг. Иж бүрэн стратегийн түншлэл буюу хамгийн өндөр түншлэлийг бид хоёр хөрштэйгөө л байгуулсан байдаг. Улс төрийн итгэлцлийн хувьд хамгийн өндөр төвшинд хүрч байгаа. Цаашдаа хувийн хэвшил хоорондын харилцааг түлхүү дэмжиж,эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг  нээх ёстой гэж үзэж байгаа. Улс төрийн харилцааны хувьд монгол орон НҮБ-ын 192 гишүүн оронтой дипломат харилцаа тогтоосон цөөхөн орны нэг. Үүгээрээ бид дэлхийд энхтайванч олон тулгуурт гадаад бодлогоо нотлоод  ямарваа нэгэн зөрчил тэмцэлгүй гэдэг нь өөрөө Европын улс орнуудад сайхан жишээ болдог. Хоёр оны Ерөнхийлөгчийн ганцаарчилсан уулзалт, хэлэлцээрийн үеэр үүнийг олонтаа дурдаж байсан. Монгол орны энхтайванч олон тулгуурт нээлттэй гадаад бодлого үнэхээр өндрөөр үнэлэгддэг. Тэр дундаа далайд гарцгүй хоёр том хөршийн дунд, цөмийн  зэвсэгтэй хоёр орны дунд НҮБ-ын хоёр том голлох хүчний дунд Монгол орны гадаад бодлого яаж ардчиллыг хөгжүүлж, хүний эрхийг дээдэлж, иргэд нь яаж аз жаргалтай амьдарч байгаа нь өөрөө бусад улс оронд загвар болох, сонирхол татах асуудал юм гэдгийг улс төрийн төвшинд ярилцсан нь сонирхолтой байсан. Бидний гадаад бодлогын тэнцвэртэй байдлын тухай ихэд ярьдаг. Дээрээс нь Чех манай улстай найрсаг харилцаат олон жилийн түүхтэй.

Монголын 20-иод мянган боловсон хүчинг бэлдсэн, манай иргэдэд ээлтэй гуравдагч хөршийн хувьд харилцаагаа ихэд нандигнадаг

Тиймээс цаашдаа хоёр орны харилцааг ингээд байранд нь байлгаад байхгүй эдийн засгийн агуулгаар нь баяжуулах үүднээс Бизнес форумыг сайхан зохион байгуулсан. Хоёр талаас 100 гаруй аж ахуйн нэгж оролцсон. Форумыг ёс төдий хийх биш хэрэгтэй түншээ олох, ашигтай хамтын ажиллагаа үүсгэх, шинэ технологи ер нь бол үндэстэн болгон өөрийн хамгийн сайн хийж чаддагаа санал болгодог. Чех өндөр технологи хөгжсөн тодруулбал, барилгын салбар, дулаан цахилгааны салбарын тоног төхөөрөмж, шил шаазан, гэрлийн бүрхүүл, болрын үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Энэ бизнесээ монголчуудад түлхүү сонирхуулахыг чухалчилсан. Монголоос бидэнд юу хэрэгтэй байгаа юм. Юу хийж, ямар бизнес хийж болох вэ үүнийгээ танилцуулаач гэсэн нь бидний хийж, гаргаж чадах бүтээгдэхүүний талаар мэдээлэл багатай байна гэсэн үг. Айлчлалыг  баялаг байлгахын тулд олон агуулгаар баяжууллаа. Хоёр хоногийн дотор маш олон арга хэмжээг зохион байгууллаа. Маш завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна. Айлын Сенатын даргатай, Ерөнхий сайдтай   бодитой хамтын ажиллагааг ярилцсан. Соёл, урлаг гэдэг өөрөө зөөлөн хүчний бодлого байдаг. Энэ хүрээнд Үндэсний музейд нь Чингис хааны үзэсгэлэн гаргалаа. Манай талаас 600 гаруй үзмэртэй. Айлын талаас ч бас баялаг үзмэртэй. Үүгээр дамжуулж хоёр орны ард түмнийхээ найрамдал нөхөрлөлийг  бататгах, улс орноо сурталчлан танин мэдүүлэхийг зорьсон. Египетийн Фараоны музейг олон чех хүн ирж үзэж, тэр улсын түүх соёлыг биширсэн. Чингис хааны музейг мэдээж түүнээс олон хүн ирж үзэж, Монголын талаар илүү их мэдээлэлтэй болох нь дамжиггүй. Үүнийг дагаад аялал, жуулчлал илүү хөгжинө. Тиймээс шууд нислэгээ тогтмолжуулах, аялал жуулчлалын компаниудын үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй юм байна гэдэг зүйлүүдийг ярьсан.

Европын холбооны тэр дундаа Чехийн үндэсний хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл өнөөдөр Монгол орноор амьсгалж байна

Морин хуурын чуулга өөрөө Монголын урлаг соёл, түүхийн гайхамшгийг монгол хүний авьяас, чадварыг харуулдаг. Дэлхийд хийж буй маш том соёлын бодлого. Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож, чехийн үндэсний ая хөгжим тоглоно. Албаныхан урлаг соёлын зүтгэлтнүүд Чехэд байгаа монголчууд тоглолтыг үзэж сонирхоно. Европын холбооны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр дундаа Чехийн үндэсний хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл өнөөдөр Монгол орноор амьсгалж байна гэж хэлж болно. Монгол орны түүх соёл, Бизнес форумыг Ерөнхийлөгч нь дурдана билээ. Хоёр талаас ийм олон төлөөлөл тэр дундаа чанартай томоохон компаниуд ирнэ гэж төсөөлөөгүй. Тэгэхээр бодитой үр дүн гарах юм байна гэж.

БНЧУ-ын Ерөнхийлөгчийн Монголд хийх хариу айлчлал маш том дэвшлийг авчирсан, түншлэлийг бататгасан байх болно

Чехийн Ерөнхийлөгч өөрөө нэр хүндтэй, том улстөрч. Монгол оронд их хайртай хэзээнээс очихыг мөрөөддөг байсан. Өөрийнхөө хариу айлчлал хийх хугацааг бид ярьсан. Дөхүүлж байгаад хугацааг зарлана. Энэ бол маш том дэвшлийг авчирсан түншлэлийг бататгасан хариу айлчлал болно гэж бодож байгаа. Болох хүртэлх хугацаанд Засгийн газар хоорондоо маш идэвхтэй ажиллана. Салбар салбартаа хийх ажлаа төлөвлөөд. Хувийн хэвшлээ төр, засгийн зүгээс сайн дэмжих ёстой. Урлаг соёл, хүмүүнлэгийн боловсролын болон бусад салбарын сайд нар дэлгэрэнгүй ярих учраас хамтын ажиллагааг илүү бодитой байлгахын тулд бүрэлдэхүүн нэлээн өргөн байсан. Олон сайд, гишүүн ирсэн. Зарим нь Чехэд асар их боломж байгааг олж харсан байх гэж бодож байна.

 Монгол иргэд гэмт хэрэгт холбогдох, муу нэр дуулах нь бага.

-Иргэд хоорондын харилцааны ямар асуудлыг хөндөв. Тухайлбал, визийн нөхцөлтэй холбоотой?

-Чехэд бол иргэдийн асуудал харьцангуй бага. 15 мянга орчим монгол иргэн байдаг ч энд хууль бусаар иргэд байдаггүй. Үндсэндээ хууль ёсоор байдаг. Ихэвчлэн үйлдвэрүүдэд ажилладаг. Чех иргэдийг гэр бүлээр нь авдаг. Энэ өөрөө Чехийн гадаад ажилчид авах онцлог нь. Гэр бүлээрээ байгаа хүмүүс сэтгэл санааны хувьд тайван байдаг тул гэмт хэрэг, хулгай дээрэм бага гардаг. Манай иргэд гэмт хэрэгт холбогдох, муу нэр дуулах нь бага. Чехүүд өөрсдөө хүнийг зөв сайхан ажиллуулдаг юм болов уу. Байгууллагын соёл, хоол унд, цаг агаар, ажлын цаг манайханд таардаг. Дээр нь эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Нийгмийн хамгааллын хэлэлцээр энэ улстай байгуулсан учраас манай иргэд тайван ажил хийж байна. Тодорхой хугацаанд ажиллаад бүгд буцахыг боддог. Айлын тал өөрсдөө очиж ажилчдаа шалгаруулж авдаг болсон. Чех улсын хууль дүрэм, амьдрахад юуг анхаарах ёстой юм гэдгээс гадна  чех хэлний анхан шатны бэлтгэл хийдэг болсон. Визийн хувьд албан дипломат паспорт визгүй. Ажил хийж байгаа хүмүүс бүгд виз авдаг. Визэн дээр хүндрэлтэй асуудал харьцангуй гайгүй.   

-Баярлалаа, танд