УИХ-ын гишүүн П.Сайнзориг УИХ-ын дарга асан З.Энхболдыг шалгуулахаа мэдэгджээ

Өнгөрөгч даваа гарагт буюу гуравдугаар сарын 24-нд УИХ-ын гишүүн П.Сайнзориг Хууль зүйн байнгын хуралдааны үеэр Засгийн газрын хийн хоолойн асуудал хариуцсан тусгай Элчин сайд З.Энхболдыг шалгуулахаа мэдэгджээ.

Тэрбээр энэ талаараа “Би сүүлийн зургаан сар гүтгүүлж байна. Хятадаараа дуудуулаад 280 мянган хятад оруулж ирэх гэж байна гээд...  Засгийн газрын тусгай элч буюу хийн хоолой хариуцсан БЭТ юм уу даа тэр нөхөр гүтгээд байгаа. Худал мэдээлэл тарааж байгаа. О.Алтангэрэл сайд аа, цагдаагийн байгууллага аа, энэ хүний талаар би мэдээлэл өгвөл хурдтай шалгачих юм шиг байна. Өгье гэж бодож байна. Царай харахгүй шүү” хэмээжээ.

Тодруулбал УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнгөрөгч намрын чуулганаар Гадаадаас ажиллах хүчин авах тухай хуулийн төслийг санаачилсан бөгөөд энэхүү төслийг нь УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй хэсэг бүлэг эсэргүүцсэн юм. Зөвхөн тэд ч бус, ард түмний төлөөлөл мөн эсэргүүцсэнээр УИХ-ын гишүүн П.Сайнзориг тус хуулийн төслөө эгүүлэн татсан билээ.