УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдыг хүндэтгэж, хөрөг зургийг нь Төрийн ордонд байрлуулжээ.


Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг байрлуулах хүндэтгэлийн ёслол болжээ. Энэхүү хүндэтгэлийн ёслолд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын дарга асан М.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур, 2016-2019 онд Улсын Их Хурлын Тамгын газрын даргаар ажиллаж байсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Цолмон болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэ талаар УИХ-ын дарга асан М.Энхболд "Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Байнгын хороодын дарга нар, гишүүд, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын санаачилгаар Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан хүмүүсийн хөрөг зургууд дунд миний хөрөг зургийг байрлуулж байгаад баяртай байна. Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хувь хүний хувьд, Төрийн ордонд зургийг минь байрлуулж буй нь их хувь тавилан” гэлээ. Тэрбээр, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан үе маань их онцлогтой байсан хэмээгээд “МАН цөөнхөөс олонх болж, төрийг эрхийг барих үед улс орны санхүүгийн нөхцөл хүнд, эдийн засаг -1.4 хувьд хүрч доройтсон байлаа. Бид нэн тэргүүнд эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох чиглэлээр ажиллан, ОУВС болон хандивлагч улс орнуудаас дэмжлэг туслалцаа хүсэж, хоёр жилийн дотор хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийг 5.7 хувь хүргэн өсгөж байлаа” хэмээжээ.