“ОНТРЭ” -гийн асуудалд Л.Оюун-Эрдэнэ , Н.Учрал нар манлайлж, Д.Амарбаясгалангийн парламент эх орончоо тунхаглана

Оюу толгой, “ОНТРЭ” компаниуд Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь үнэхээр эмгэнэл

Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг хэмээх үгтэй, ард түмэн, монголчууд. Энэ утгаар Канадын “ОНТРЭ” хэмээх компанийн нэр дээр байгаа Шивээ толгой, Жавхлант хэмээх хоёр ордын эзний хувьд, эзэмшигч орны хувьд Монгол Улсын Засгийн газар, УИХ-тай тус компани зайлшгүй хэлэлцээнд орж, гэрээ байгуулж байж цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Дээрх хоёр ордод Оюу толгойн бүлэг ардын эрдэнэс баялагын зэсийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибдений 94 хувь хамаарч байгаа нь ямархуу том үүц болохыг иргэн бүр санах хэрэгтэй. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хэвлэлд ярьсанчлан, Оюу толгой, “ОНТРЭ” компаниуд Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь үнэхээр эмгэнэл. Энэ бол Монгол орон, монголчуудыг хэт басамжлан доромжилсон явдал болох нь ойлгомжтой. Хэргийн учир нь монголчууд , бид үүнийг огт мэдэлгүй явсаар ирсэн нь, анхааргагүй баялагаа эзэмдүүлж ирсэний харгай болох нь нэн яаралтай засан залруулахыг л шаардаж байгаад байгаа билээ. Оюу толгой, “ОНТРЭ” компаниуд  76 хуудас бүхий гэрээг Монголын талын оролцоогүйгээр баталгуулсан байдаг.560 метрээс дээшээ хүдэр олборловол 70:30 хувь, 560 метрээс доошоо хүдэр олборловол 20:80 хувийн ашгийн харьцаатайгаар хувааж авъя гэсэн утга заалт бүхий гэрээ.   О.Батнайрамдалын хэлсэнээр, илүү сайн судалбал Оюу толгойн толгой компани Рио тинто “ОНТРЭ”-гийн 16 хувийг эзэмшдэг. Тэгэхээр энэ хоёр айл, бидний оролцоогүйгээр, гол эзэн түншээ хаяан,  манай баялагыг борлуулж ашиг хуваах гэрээ хийсэн нь дэндүү бүдүүлэг, басамжлан тохуурхсан явдал юм. Рио тинто манай хамтрагч. Эрдэнэс оюу толгой компани Оюу толгой төслийн 34 хувийг нь эзэмшдэг, Оюу толгойн бүлэг ордын 34 хувь чинь Монголынх мөн биз дээ, энэ чинь. Чухам ийм учраас “ОНТРЭ”-гийн нэр дээрх, бидний баялагт тус компани хөрөнгө оруулалт хийж, ашиг хүртэх гэж байгаа бол Монголчууд, Монголын Засгийн газартай хууль ёсны гэрээ хийж, асуудлыг шийдэх нь гарцаагүй болоод байна. Засгийн хэрэг эрхлэхийн сайд Н.Учрал тус компанийн зүгээс саналууд тавьж байгаа, хуулиас давсан зүйл хийх яриа байхгүй ээ гэж мэдэгдсэн. Энэ үгийг ухбал, ерөөсөө “ОНТРЭ”-г хууль ёсны хүрээнд бидэнтэй хэлцлээ хий гэдгийг л шуудхан хэлсэн үг юм.

Шивээ толгой, Жавхлантаас хүртэх өгөөжийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал хүртэх зарчим, хууль ёсны тулгалт “ОНТРЭ” компанид зүй ёсоор хаяглагдана

“ОНТРЭ”-д юу тулгагдаж байгаа вэ. Оюу толгойтой хийсэн Хөрөнгө оруулалтын гэрээний үйлчилэх хүрээнд 6709А, 6708А,6710А дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, түүний эдэлбэр хамрах газар багтан тусгагдсан байна. Мөн хүрээнд , харин, “ОНТРЭ”-гийн МҮ-015225, МҮ-015226 дугаар бүхий тусгай зөвшөөрлүүд Хөрөнгө оруулалтын гэрээний үйлчилэх хүрээнд хамаарахгүй юм. “ОНТРЭ” одоо Оюу толгойд тусгай зөвшөөрлүүдээ шилжүүлж, нэг үгээр хэлбэл Монголын Засгийн газар, Рио Тинтотой хамжин урагшлах гэж байгаа бол, тусгай зөвшөөрлүүдийг барьцаалуулах хэмээх тогтоолын төсөл батлуулах утопи тусгалаар бус, энэ нь өөрөө Монгол Улсын Их хурлын шийдвэрлэх бүрэн эрхийн асуудал байхаар хуульлагдсантай харшилдан хязгаарлагдах тул хуулийн хүрээнд хэмээх мөнөөх Н.Учрал сайдын үгийн дор захирагдах ёстой. Тийм учраас, одоо “ОНТРЭ”-чүүд  тусгай зөвшөөрлүүдээ Оюу толгойд шилжүүлэн олборлохын тулд Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монголын Засгийн газарт хүсэлтээ бичгээр хүргүүлж, нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлыг харилцан тохиролцон холбогдох шийдвэрийг гаргуулах шаардлагатай. Ингэж хэл зөвшөөн зөв явагдвал Хөрөнгө оруулалтын гэрээний үйлчилэх хүрээг өргөжүүлэх нөхцөл байдал үүсэх учраас, Монгол Улсын Үндсэн хуулийн 25-р зүйлийн хоёр дахь хэсгийн долдугаар заалт, Татварын ерөнхий хуульд зааснаар, татварын хувь хэмжээг УИХ тогтоох бөгөөд, түүний эрх олгосноор Засгийн газар тогтоож болохоор тусгасан тул УИХ-тай хууль ёсоор зөвшилцөх шаардлагатай юм. Энэ учраас АМНАТ болон татварын хувь хэмжээг тогтворжуулах асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх нь зайлшгүй юм. “ОНТРЭ”-гийн тусгай зөвшөөрлүүд Оюу толгойд шилжих үйл явцад Монголын Үндсэн Хуулийн зургадугаар зүлийн хоёр дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашиг малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх ард түмэнд ноогдож байх” гэсэн зарчмын шаардлагыг гүйцээн хангуулах асуудлыг судлан үзсэний үндсэн дээр мөнөөх дээрх шийдвэрүүдийг гаргах хууль , эрх зүйн орчин бүрдэх юм. Товчхондоо, “ОНТРЭ”-гийн нэр дээрх талбайгаас хүртэх өгөөжийн 51-ээс доошгүй хувийг Монголын тал хүртэх зарчим, хууль ёсны тулгалт “ОНТРЭ” компанид зүй ёсоор хаяглагдана. Монголын Засгийн газар, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ, Баялагийн сангийн хуулийг мөрдүүлэн хэрэгжүүлэх төрийн үүрэгт сайд Н.Учрал нар стратегийн ордуудыг тойрсон асуудлуудыг цэгцэлж, бодьтой өөрчлөлт, үр ашиг өгөөжийг ард түмэнд зориулахаар шаргуу ажиллаж байгаа. Төгрөг нуур, Ухаа худаг , Бор тээгийн ордууд цэгцлэгдэх шат руугаа явж байгаа. Чухам энэ чухал үед “ОНТРЭ” компанийн нэр дээрх Оюу толгойн бүлэг ордын хоёр нь болох, баялагийн үнэмлэхүй хэсгийг хамаарагч Шивээ толгой, Жавхлантыг Монголын талд ямархуу үр ашигтай байлгахыг эдгээр сайдууд манлайлан хийх нь дамжиггүй. Д.Амарбаясгалан спикерийн даргалсан 126 гишүүнтэй анхны парламент хэр эх орончоо чухам энд л тунхаглана даа.

Б.БАЯР

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ариунаа

Батнайрамдал гишүүн голыг нь олоод энэ Оюутолгойн ажлыг ахлаад явмаар юм.Учрал гишүүн ч хамтраад зүтгэ .Тэгвэл Монголын одоо ба ирээдүйд ард түмний хайрлагдах үнэ цэнэтэй улс төрчид болно.Та нар минь тууштай шударга бгаарай.