Шинэ Ерөнхий сайдын дархлаа Л.Оюун-Эрдэнэ байх ёстой

Монголын төр тогтвортой байх хэрэгтэй. Цаг ямагт. Энэ үүднээсээ Ерөнхий сайд огцрох нь сайн зүйл огт бус. Л. Оюун-Эрдэнэ Баялгийн санг гардсан. Байгуулсан. Олон жил засаглаж чадлаа. Таван жил. Тамиртай хүн гэдгээ харууллаа.

 Олон олон төслүүдийг урагшлах гараанд авчирч, заримыг нь амжилттай эхлүүлж чадлаа. Ганц мод, Гашуу сухайтын хил холболт, Ураны гэрээ гээд үгүйсгэгдэхгүй ажлыг хийчихэж. Энэ бүгдийг хийхэд ямар он жилүүд туулсныг монголчууд мэдэж байгаа. Чухамдаа хийж чадсан учраас Л.Оюун-Эрдэнэ түүхэн Ерөнхий сайд байсан. Л.Оюун-Эрдэнээс өөр аавын хүү, тийм нөхцөл бололцоот, наяад оны хүн байгаагүй бол ч гэдэг бодогдохоор. Тэр шударга ёсыг ярьж гарч ирсэн. Мөн шударга ёсыг яриулан сануулаад бууж байна. Монголын залуус, Монголын иргэд улам бүр оюун санааны дархлаатай, шударга ёсонд үнэнхүү дуртай болсон нь бахархам. Л.Оюун-Эрдэнэ хөвүүнийхээ орлогыг нотлох ёстой. Хөвүүний нь энэ асуудал босоогүй бол Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдынхаа ажлыг алдахгүй байлаа. Алив үр дүн бүр сайн руу чиглэж байдаг. Л.Оюун-Эрдэнийн огцролт бол Монголыг илүү их хүчирхэг байгаасай, Монголын төрийн удирдлагад ёс зүйг, шударга ёсыг ямар нөрөөр дархлаажин байх ёстойг сануулж байна. Л.Оюун-Эрдэнийн оносон маш их. Тэр бодит манлайлал үзүүлж байсан. Улсаа ингэж удирдаж болдог байна гэх дархлаанд ард түмнээ сургасан. Бас ард түмнээсээ үл мэдэгдэх орлого хөрөнгөөр цэнэглэгдэж болохгүйн дохиог мөн мэдрүүлсэн.

Л.Оюун-Эрдэнийн явсан зам үнэхээр амаргүй. Тэр яаж ч хэлбийж болох огтлолцол, дайралт, тулгарлын дунд таван жил алхаж чадсан. Энэ бол гуйвахааргүй агуулга. Түүний огцролт бол Монголын төр илүү сайн дархлаатай байхын тулд, илүү их онохын тулд ямар хүчтэй байхыг сануулж байна. Ойлгуулж байна. Тэр багагүй дайсныг өөртөө бий болгосон. Монголын нийгэм дэх баялгийн хуваарлилт тэнцүү бишийг тэнцүүлэхээр яваад, өөрийн хүүгийн тэнцвэргүй үзэгдэлд өөрөө ойчлоо. Энэ бүхэн бол Л.Оюун-Эрдэнийн төдийгүй манай ард түмний сургамж, түүхэн эрх ашиг. Л.Оюун-Эрдэнийг баяртай гэж хэлье. Сайн байна уу, Л.Оюун-Эрдэнэ ээ гэж хэлье. Баяртай гэдэг нь сургамжийг ухааруулсанд хэлсэн үг. Сайн байна уу гэдэг нь одоо Монголын төр яаж алдаагүй байх, гүн дархлаатай байхад тоссон үг. Л. Оюун-Эрдэнэ гарцаагүй хэрэгтэй өв сургамжийг Монголдоо өгч байна. Ерөнхий сайд мөдхон тодорно. Шинэ Ерөнхий сайдын дархлаа Л.Оюун-Эрдэнэ байх ёстой. Тэгж байж эхлүүлсэн, үргэлжлүүлсэнээ гүйцээх, биежилтээр хангах ёстой. Засгийн хэрэг эрхлэхийн сайд Н.Учрал, Ерөнхийлөгчийн Тамгын дарга Г.Занданшатарын аль нэг Ерөнхий сайд болж, Б.Батбаатар, Н.Номтойбаяр гэсэн Шадар сайдууд төрөх нигууртайг улс төрийн мэдрэмжтэй манай ард түмэнд хэдийнэ мэдэрчихсэн. Хамтарч байж л бүтээнэ гэдгийг бүгдээрээ ойлгож байгаа. Харин энэ хамтрал удаан байх ёстой. Учир нь манай нийгэмд алдагдсан цаг их. Бид хором бүрээр амжих ёстой. Тиймээс ч шинэ Засгийн газар үтэр байгуулагдах ёстой. Шинэ Засгийн танхимын сайдууд парламентын дархлааг, Монголын Засгийн газрын дархлааг гүн өндөр агуулгаар өргөж ажиллах ёстой. 

Б.БАЯР

Сэтгэгдэл үлдээх