ЗГ: Шилэн дансны хөтлөлтийг сайжруулах, ил тод байдлыг хангах хугацаатай үүрэг өглөө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн 2024 оны үнэлгээний нэгдсэн тайлан"-г Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан төрийн үйл ажиллагаа, мэдээллийг ил тод, нээлттэй байлгаж, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор бүрэн бус, хэлбэр төдий оруулсан мэдээллийг 2025 оны аравдугаар сарын 01-ний дотор иргэнд ойлгомжтой байдлаар бүрэн байршуулахыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо.

Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь мэдээлэл хариуцагч 5000 гаруй байгууллагын үүрэг. Үүнээс нээлттэй мэдээллийн нэгдсэн системд www.shilen.gov.mn 513 хариуцагч мэдээллээ баталгаажуулжээ. 

-Мэдээлэл хариуцагчид нээлттэй мэдээллийг хэлбэр төдий байршуулах, бүрэн бус, дутуу байх, хугацаандаа шинэчилдэггүй; 

-Байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг бүрэн байршуулдаг хэдий ч үр дүнгийн тайлангаа нийтэд ил тод байршуулдаггүй;

-Хүний нөөцийн хөдөлгөөний өөрчлөлтийн  мэдээлэл хангалтгүй;

-Төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны талаарх мэдээлэл цахим хуудасны шилэн данс хэсэгт байх ба санхүүгийн болон худалдан авах ажиллагааны аудитын дүгнэлт, зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажлын тайланг бүрэн байршуулдаггүй;

-Шилэн данс дахь төсөв санхүүтэй холбоотой мэдээллүүд иргэнд ойлгомжтой биш байгаа нь  мэдээлэл олж авахад хүндрэлтэй; 

-Мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийн хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээний талаарх мэдээллүүд тодорхойгүй,  хуульд заасан зөвшөөрлөөс бусад үйлчилгээний төрөл, шийдвэрлэх журам, хугацаа, бүрдүүлэх баримт бичиг, түүний загвар, төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, төлбөр төлөх дансны мэдээлэл хангалтгүй зэрэг зөрчил нийтлэг гарчээ. 

Сэтгэгдэл үлдээх