Лодойд улс төрд маш хүчтэй ноцолдох хүслийн загвар байна

Улс төр ч сонин доо. Анх Ч.Лодойсамбууг Л. Оюун-Эрдэнийг огцруулах бичиг үйлдэхэд нийгэм гайхан хүлээн авсан. Гав ганцаараа тийм бичиг сэдээд эхлүүлж байгаа юм. УИХ, Засаг ч Л. Оюун-Эрдэнийн бяр үнэмлэхүй байгаад эргэлзэхгүй байсан. Нэр хүнд нь ч нийгмийн дунд муу байгаагүй. Ерөөс анх ямар рейтингтэй байсан түүнээс нэг их доошлоогүй байсан байдаг. Үнэндээ бол тогтсон бяр, нэр хүндээ хадгалаад байсан гэсэн үг. Гэвч Ч. Лодойсамбуу түүнийг огцруулах бичгийг нийгмийн сэдэв болгочихсон.

Нам хамтараад Засагт байж байгаа. Сайн ах, улс төрд хөтөлсөн намын дарга Л.Гантөмөр Тэргүүн Шадар сайд гээд сууж байгаа. Засагт суугаа сайдууд нь ерөөсөө дараагийн сонгууль хүртэл засаглалцах их хүсэлтэй. Ц.Туваанаас эхлээд энэ “үнэрийг” нэвт шувт үнэртүүлж байсан. ХҮН-Т. Доржхандыг бас нэг дөрөө болгочихсон Л. Оюун-Эрдэнэ үнэхээр нуршгүй байсан. Хэвлэл мэдээллийн аяс хэмнэл мөн түүний төлөө ихэнхдээ дуугарах төлөвтэй байв. Гэвч ийм бат Засгийн тэргүүнийг унагаана, огцруулна гэдэг бодол Ч. Лодойсамбууд төрсөн байна. Тэр нь тэгээд биелэл болчихсон. Огцруулах үндэслэл бий байна гэдэг, хэдийгээр маш олон хүчин зүйл байгаа ч “унагаана” гэдэг бол Ч.Лодойсамбууд багтжээ. Тэгээд түүний огцруулах бичигт гарын үсэг нэг хоёроор нэмэгдсээр, яваад л байсан. Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн гэж нэмэгдээд л. Огцом ер нэмэгдэхгүй байсан. Гэвч үргэлж нийгмийн сэдэв байгаад байв. Байлгаад байв. Нэг үгээр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ гэдэг Ерөнхий сайд огцрох нэг учир байна, асуудал байгаа учраас л огцруулна гээд байна гэдэг сэдвийг үргэлж бий болгосон. Нийгмийн ингээд дасгачихсан.

Энэ бол Ч.Лодойсамбуугийн төлөвлөлт, угсралт байжээ, эргээд харахад. Түүнд хүмүүс зөвлөж байсан байж болно. Гэхдээ улс төрийн гал үүрээд, 126 гишүүнтэй парламентыг “сэнхрүүлээд”, хуулиар өгөгдсөн маш том мэдэлтэй Ерөнхий сайдыг унагаана, огцруулна гээд яваад байсан нь эцэстээ зорилгодоо хүрсэн дүр зурагтай учраас өнөөдөр Г.Занданшатар гэдэг хүн засаглаж байна. Улс төр бол зорилгодоо хүрэх ур ухаан. Тактик, төлөвлөлт. Зорилгодоо хүрнэ гэдэг амжилт. Л. Оюун-Эрдэнийн сайн Ерөнхий сайд байсан, хийсэн зүйлтэй, хэлэх үгтэйн тухай асуудал бол жичдээ юм. Л. Оюун-Эрдэнэ муу байгаагүй байх. Яаж муу засаглагч таван жил суудлаа хадгалах вэ дээ. Түүнийг уруудсанаар араас нь чулуу шидэгч бишгүй л байх шиг байна. Н.Энхбаяраас эхлээд. Улс төрийн л жам. Лодой Л. Оюун-Эрдэнийг унагахад түүнд ямар үзэл санаа, ухаан туслав. Тааж ядах зүйлгүй.

Нэгдүгээрт тэр айдасгүй байсан. Ухаандаа, барьцаалагдах бусармаггүй байсан. Хоёрдугаарт, хамгийн тодорхой нь түүний цаана гарч харах үзүүр байсан байх. Таван жил засагласан хүнийг унагачих сэдлийг эхлүүлээд, биежүүлсэн хүн, унагасан хүнийхээ энд хүрээд “барилдчих” адын санаатай байж таарна л даа. Тийм багтаамжтай байж таарна  гэдэг гаргалга байна аа даа. Ингээд үзвэл Лодой гишүүн их алс харж яваа хүн гэж ойлгогдохоор. Түүнд улс төрд маш хүчтэй  ноцолдох хүслийн загвар байх шиг байна. Тийм загвар байгаа бол тэр нь улсын сайн сайханд зориулагдах ёстой. Манай улс сайнгүй л байна. Сайн болохын хүсэл нь байсаар ч, урагшгүй ноёнд ухаангүй албат, ухаант ард түмэнд урагшгүй ноёд байсаар гэлдэрцгээж байна. Ч.Лодойсамбуу залууд орох гишүүн. Гэвч хэдийнэ дөч гарчихсан. АН бол “өтөлчихсөн” нам шүү. Энгийн шүү.

Зуун жил болсон МАН-ыг ялчих ухаанаа олдоггүй. Дандаа л ялагддаг. Тэгээд хамжигч төдий байдаг. Энэ нам ялъя гэвэл залуу бодол, хижээл сэтгэлгээ хоёрын гаргалга, оюун ухааны нүүдлийн туршлага дээр үндэслэх учиртай байх. Тийм байж болох хүний нэг Лодой.  Ардчилсан намд өөдтэйхэн удирдлага бий болбол Монголд л хэрэгтэй. Улсдаа хэрэгтэй юм. Аль аль намд шүү, нарийн ярьвал. 

Б.ОЛЗВОЙ

Сэтгэгдэл үлдээх