Д.Амарбаясгалангийн уршгаар газар тариалангийн салбар ганхаж, 150 мянган тонн улаан буудай ОХУ-аас авахаар боллоо

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн жилийн өмнөх мэдэгдлээс үүдэн үндэсний 30 үйлдвэр хаалгаа бариад байна. Өнгөрөгч оны тавдугаар сарын 01-нд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байхдаа импортын гурилын татварыг тэглэж буйг мэдэгдэж байсан билээ. Энэхүү шийдвэрээс үүдэн гурилын үнэ буурна хэмээн тухайн үед шуурч байсан ч нэг жил дөрвөн сарын ар дээр харахад нэг кг гурилын үнэ 454  хүртэлх төгрөгөөр нэмэгджээ.

Сонгууль угтаж, иргэдээс оноо авах гэсэн, эсхүл хойд хөршийн нөлөөгөөр гарсан Д.Амарбаясгалангийн энэ шийдвэр үндэсний үйлдвэрлэгчдэд тун ч хүнд туссан юм. Тухайн үед Монгол Улс 37 гурилын үйлдвэртэй байсан бол энэ оны дөрөвдүгээр сард гэхэд ердөө долоохон үйлдвэр л тэсэж үлджээ.

 

Аливаа улс орон гурил, будаа зэрэг анхдагч, суурь хүнсний бүтээгдэхүүнүүдээ дотооддоо үйлдвэрлэж, Хүнсний аюулгүй байдлаа хангахыг эрхэмлэдэг. Үүнтэй ч уялдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн байдаг. Гэтэл УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн Ерөнхийлөгчийн эсрэг гаргасан энэ шийдвэр үндэсний үйлдвэрүүдээ үгүйрүүлж, хүнсний аюулгүй байдал, бүр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөөд байна. Дотоодын улаан буудайн тариалалт энэ зуур 57 хувиар буураад буйг УИХ-ын гишүүд мэдэгджээ.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурилын импортын татварыг сэргээх хуулийн төслийг энэ оны тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн боловч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан эрс эсэргүүцэж, тухайн хуулийн төслийг буцаасан байдаг. Хэдий гишүүдийн олонхын саналаар хожим батлагдсан ч “борооны араас цув нөмрөх” гэдэг нь болов.

Учир нь энэ жил 150 мянган тонн улаан буудайг ОХУ-аас авах нь тодорхой болоод байна. Монгол Улсын баялаг бүтээгч 30 үндэсний үйлдвэрийн хаахаас өөр аргагүй болсон хаалгыг Оросууд нөхөж буй нь энэ. Цаашлаад газар тариалангийн салбар тэр чигтээ уналтад орж, ОХУ-аас хамааралтай болж байна.

Сэтгэгдэл үлдээх