Монголын улс төрийн хамгийн том хоёр нам болох Ардчилсан нам болон Монгол ардын нам хоёул “даргын зовлонтой” багагүй хугацааг өнгөрөөлөө. Бэрийнхээ тансаг хэрэглээнээс болж огцорсон МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн өндийж өгөөгүй байгаа нэг суудал. Сонгуульд ялагдал хүлээсэн ч Засгийн газарт хамтарч намын даргын суудалдаа үлдэж, засаг унахтай зэрэгцэн огцрохоо мэдэгдсэн Лу.Гантөмөрийн нэг суудал. Харин саяхан хуваагдаж талцаад байдаг АН нь хурлаа зарлан даргаа сонгож, хэл амгүй зөвшилцөлд хүрцгээсэн бол МАН даргаа шийдэж, хурлаа зарлаж чадалгүй дүлгэнэж сууна.
Ямар сайндаа бага хурлын гишүүд нь “Бүх нам их хурлаа хуралдуулж, намын дүрмээ энэ жил батлах ёстой. Гэтэл манай намын их хурал тодорхойгүй шалтгааны улмаас хойшлоод байна. 100 гаруй жилийн түүхэнд ээлжит хурлаа хуралдуулж чадахгүй ийм тохиолдол огт гарч байгаагүй” хэмээн хэвлэлийн өмнө гарч ирэхэд хүрсэн юм.
Уг нь МАН-ын дүрэмд “УИХ-ын сонгуульд нам олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” хэмээн заасан байдаг. Энэ нь өөрөөр хэлбэл МАН-ын дарга нь Ерөнхий сайд байна аа гэсэн үг юм. Харин МАН-ын томчууд намынхаа дүрмийн дагуу Г.Занданшатарыг намын даргаар тавьчихаж чадахгүй байгаа нь хоорондоо санал нэгдэхгүй байгаагийн илрэл.
Шулуухан хэлэхэд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын дарга болгож, “Амар баясгалан”-тай цаг үеийг ирүүлэх хүсэл “амаргүй” цаг үед ажиллаж асан нэгэнд байна. Харин ууган намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар 8 жил ажилласан Д.Амарбаясгалангийн хувьд намынхаа дүрмийг зөрчиж, ахынхаа урдуур гишгэх хүсэл байгаа эсэх нь эргэлзээтэй. Юутай ч ирэх УИХ-ын чуулганаас өмнө эсхүл зэрэгцэж МАН-ын Их хурал хуралдах нь гарцаагүй.
Харин намын даргын сонгууль явагдах эсэх, хэн хэн нэр дэвших вэ гэдэг нь л асуултын тэмдэг хэвээр үлдэж байна. Хэрэв намын дүрмээ үл тоохоор шийдэж, МАН-ын даргыг тодруулах сонгууль явуулсан ч Г.Занданшатар ялалт байгуулах магадлал хамгийн өндөр юм. Учир нь тэрбээр ердөө гурван сарын өмнө Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах сонгуульд 67.84 хувийн саналаар ялалт байгуулсан билээ.
Сэтгэгдэл үлдээх