УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай ил, далд үзэлцсээр, дайрч давшилсаар, албан тушаалд байгаа найз нөхдийг нь элдвээр оролдсоор эцэстээ санасандаа хүрч, Эрүүл мэндийн салбарыг толгойлох болсон. Ёстой чичирсээр байгаад сайд болсныг нийгмээрээ харсан билээ. Тэрбээр сайд болоод гурван сар гаруйн хугацаа өнгөрсөн ч юу хийв, юуг өөрчлөв. Нийслэл, орон нутгийн эмнэлгүүдэд халаа сэлгээ хийлээ. Томоохон эмнэлэг болох ХСҮТ, ХӨСҮТ, СЭМҮТ гээд олон ч эмнэлгийн даргыг солилоо. Нэг үгээр өс хонзонгоо авч Т.Мөнхсайханы томилсон хүмүүсийг салбараасаа “зайлуулж”, өөрийн хүнээ томилсноор сая нэг санаа нь амрав.
Ж.Чинбүрэн сайдын попролт ч хэрээс хэтэрсэн. СЭМҮТ-ийн талаар ноцтой мэдээлэл хийнэ гэсэн зар тавьж энэ үеэрээ “Санхүүгийн ноцтой зөрчил илрүүллээ”. “Энэ эмнэлэг чинь өвчтөнүүдийнхээ эрх ашгийг аймшигтайгаар зөрчдөг” юм байна. Тиймээс захирлыг нь ажлаас чөлөөллөө хэмээн сүржин мэдэгдсэн ч удалгүй үнэнд гүйцэгдэж, СЭМҮТ-ийн захирал Г.Анхбаяр дээрх зөрчлийг дотоодын хяналт шалгалтаараа өөрөө илрүүлэн арга хэмжээ авч холбогдох газруудаар нь шалгуулж байсан нь ил болсон юм. Эрхэм сайд сайндаа ч бус өөрийн хүнээ тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн даргаар ажиллаж байсан Г.Ууганцэцэгийг СЭМҮТ-ийн захирлаар томилох “дэглэлттэй жүжиг” байсан нь ийнхүү ил болсон хэрэг.
Өөд уруугүй шүүмжлээд, салбар унагалаа, авлигын уул уурхай болголоо, эмийн мафийн төлөөлөл орж ирлээ хэмээн дайрч давшилж байсан сайд маань харин ч өдгөө өөрөө салбараа элгээр нь мөлхүүлж байна. Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын сан нь хоосорчихсон, санхүүжилт байхгүй, чөмөг шилжүүлэн суулгах боломжгүй болсон, химийн тариа нь тасарсан, эмнэлгүүд эм, эмнэлгийн хэрэгслийг өвчтөнүүдийн ар гэрээс авдаг, эмнэлэгт үзүүлэх цаг авахад нэг сарын дараа гэх нь хэвийн үзэгдэл болсон гээд энэ салбарт ер нь болж, бүтэж байгаа зүйл нэгээхэн ч алга. Ж.Чинбүрэн сайн эмч байж болох ч сайн мeнeжeр биш гэдэг нь энэ мэтээр олон зүйлээс харагдаж эхэллээ. Сайдын албан тушаал түүнд үнэхээр ахдаж, төлөөсөнд нь олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч үлдэх нь, Ерөнхий сайд аа!
Сэтгэгдэл үлдээх