УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн намрын чуулганы нээлтэд хэлсэн "Процессын дахин инженерчлэл" гэж юу вэ?

Чуулган нээх үед төрийн өндөрлөгүүдээс, ялангуяа спикерээс хэлж байгаа үгийн агуулга улс орны бодлого, өнгө аяс, хэтийн төлвийг илтгэдэг. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны намрын ээлжит чуулганыг нээхдээ эрх зүйн төгөлдөршлийг хүн төвтэй явуулна гэдгээ дахин илэрхийлсэн. Түүнээс гадна төрийн бүх шатанд процессын дахин инженерчлэл явуулахаар болсноо зарласан.

Энэ нь инженерийн сэтгэхүйгээр төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагаа, үйлчилгээг дахин зохион байгуулж, илүү үр ашигтай, бүтээмжтэй, хүнд сурталгүй, дижитал суурьтай болгох менежментийн арга юм байна. Дэлхий нийтэд 1990 оноос хойш хувийн хэвшилд амжилттай хэрэгжиж ирсэн "Business Process Re-engineering" онол бүхий инженерчлэлийг тэрбээр ЗГХЭГ-ын дарга байхдаа хэрэгжүүлсэн туршлагатай. УИХ аль 1996 онд тогтоолоороо энэ аргачлалыг баталсан ч цаасан дээрээ үлджээ. Үүнийг төрийн ажил үйлчилгээнд нэвтрүүлбэл үйл ажиллагааны зардал 30-50 хувь буурч, цаг хугацаа хэмнэгдэнэ. Төрийн бүтээмж 20-40 хувь өсөж, авлига, хүнд суртал багасч, иргэдийн сэтгэл ханамж нэмэгдэх үр дүнтэй.

Тиймээс Д.Амарбаясгалан УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө санан байж, "Дарга төвтэй" биш, "Хүн төвт" стратегиэ хэрэгжүүлэхдээ дэвшилтэт технологид суурилсан цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлэх дахин инженерчлэл хийхээр санаа шулууджээ. Товчхондоо процессын дахин инженерчлэл гэдэг нь төрийн иргэддээ үзүүлж буй үйлчилгээ юундаа алдаатай байна, аль нь шаардлагагүй вэ, аль нь хэрэггүй вэ гэдгийг тодорхойлж, тэдгээрийг төр хэрэгжүүлэхээ болино гэсэн үг. Тиймээс нэн түрүүнд хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж, арга зүй, үзэл баримтлалыг батлан хүн төвт ойлголтыг ажил хэрэг болгох нь ээ.

Сэтгэгдэл үлдээх