Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Эрүүл мэндийн даатгалын асуудлаар есдүгээр сарын 17-ны өдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ тэрбээр “Засгийн газарт эрүүл мэндийн даатгалын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргатай хамтарч ажиллахгүй гэдгээ мөн хэллээ. Агентлагуудын даргыг томилох, халах эсэхийг Засгийн газар шийддэг. 2025 оны ЭМД-ын эхний жил үүсээд байсан 316 тэрбум төгрөгийг Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд байхдаа төлж барагдуулсан. Ийм байхад эхний найман сарын байдлаар, 142 тэрбум төгрөгийн өртэй болсон. Үүний цаана улсын эмнэлгүүд аж ахуйн нэгжүүддээ 196 тэрбум төгрөгийн зардлын өртэй болсон. Үүнээс 130 тэрбум эмийн өр үүссэн тул эмийн газрууд эмээ нийлүүлэхээ болих нөхцөл үүсээд байна. Санхүүжилтээ ялгаж өгдөг зүйл ажиглагдсан. Тиймээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболдыг огцруулах асуудлыг Ерөнхий сайдад уламжилж, дараагийн хүнийг сонгон шалгаруулах үйл явцыг эхлүүлнэ. Дараа нь тогтолцоог сайжруулах дээр анхаарлаа хандуулна” гэлээ.
Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ гэгчээр ЭМДЕГ "эзэн"гүй, дээр нь санхүүжилтгүйн улмаас бүхий л үйл ажиллагаагаа зогсооход хүрснээ өнөөдөр зарлалаа. Тодруулбал, иргэдийн дунд ихээхэн нэр хүнд сайтай байсан эрт илрүүлэг, үзлэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Аравдугаар сарын эхэн үе хүртэл энэ байдал үргэлжилнэ гэв.
Даргын сонгон шалгаруулалт хэзээ яваад томилоод тогтолцоог сайжруулахад анхаарч ажиллах вэ гэдэг нь ч цаг хугацааны хувьд бүрхэг байна.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн хувьд сайдын албан тушаалд томилогдоод 90 хонож байгаа ч томоохон таван эмнэлгийн дарга нарыг халж, өөрийн хүнээ томилохоос өөрөөр юу ч хийсэнгүй гэдгийг ЭМДЕГ-ын дарга асан С.Энхболд онцолсон. УИХ-ын чуулганы хуралдаанд ч Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхантай харилцах харилцаа загнаж, зандарсан хандлага өнөө ч хэвээрээ. Чичирсээр сайд болсон ч түүний сэтгэл ханаагүй бололтой. УИХ-ын дарга арга ядахдаа "Эрүүл мэндийн салбарын хоёр том хүн өөрсдөө учраа олох биз" хэмээж суусан. Эмнэлгүүд эм тариа болоод бусад хангамжгүйн улмаас хаалгаа барихад хүрч, эрүүл мэндийн салбар жинхэнэ утгаараа элгээрээ хэвтэхэд хүрээд байна.
Сэтгэгдэл үлдээх