Үндэстний эрх ашиг үүнийг хөдөлбөргүй хэлнэ

Эвтэй байхдаа хүчтэй. Ийм нэг үг байдаг. Үнэн ч үг. Хүчтэй ч үг. Сахимаар, бодмоор үг. Ардын намаас , нарийн ярибал Н.Энхбаярын хэлсэн үг байх. Ардын нам харин одоо их эвгүй байна. Намбарын Энхбаяр дарга ч өөрөө үүнийг зөвшөөрөх байх. Эвлэхгүй байх нэг өнцгийг тэр өөрөө үзүүлж байгааг олон нийт харж байна. Улс төрд, ер нь алив зүйлд эвлээгүй, болохгүй зүйл байдаг. Эвлүүлэх гэж, болгох гэж зөрчил байдаг. Тиймээс эвлэх хэрэгтэй юм, болгож бүтээх хэрэгтэй юм. Яг одоо бол Ардын намд эвлэх, эвлүүлэхийн цавуу хэрэгтэй байна. Эвлэх нь эвлүүлэх ухаанаас гарна.

Ухаан зодож байж л эвгүйгээс эвд хүрдэг нь жам. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг Д.Амарбаясгаланг Ардын намын даргад явж болохгүй. Тэгвэл хэрэг үүсгэнэ гэсэн мэдээлэл гараад, тиймгүй ээ гэдгийг спикер ч, Ерөнхийлөгчийнхөн ч хэлсэн байна лээ. Ерөнхийлөгч хүний хамгийн түгээмэл, нийтлэг баримтлах зарчим бол эв нэгдлийг сахиулах, түүний дор ард түмнээ нэгэн үзүүрт сэтгэлтэй байлгахад л эв ухаан орших учиртай. Тиймээс санаатай, санаагүй Ерөнхийлөгчөө тийм өдөөлөг хийсэн мэтээр бичих, мэдээлэх нь зарчимгүй хэрэг, манай эрх ашигт нийцэмгүй зүйл юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын намын даргад өрсөлдөнө гээд ардчиллын зарчмыг баримтлаад мэдэгдсэн. Ардчилал хэдий төгс бус ч, үүнээс илүүг одоогоор орлох зохион байгуулалт алга гэдэг. Ардчиллын зарчмаар, арга билгийн зарчмаар шалгарлаа үзүүлээд Ардын намын ч, Ардчилсан намын ч, алив намын дарга болох бол улстөрч хүний л тэмцэл, зүтгэл, хүрэх зам мөн байх. Гагц энэ замдаа зөв, шулуун байх хэрэгтэй. Хамгийн гол нь эв нэгдлийг хангаж л үр дүн гаргах ёстой юм.

Ардын намын даргад Д.Амарбаясгалан зүтгэнэ гэсэн бол гол нэг зүтгүүр гэгдэх Г.Занданшатар Ерөнхий сайд одоо ч Ардын намын дарга болноо гэж уухайлсан мэдэгдэл хийгээгүй л байна.

Албан тушаалд хандаж байгаа хүний хандлага бол гол төв илэрхийлэл. Албан тушаал бол эрх ямбаас илүү үүрэг хариуцлага юм. Үүрэг хариуцлага гэдэг зүйлээс үүрүүлээд бодоход Д.Амарбаясгалан төрийн эрх барих дээд байгууллагын дарга, хууль тогтоох хүн. Г.Занданшатар бөгөөс хуулийг хэрэгжүүлэх үндсэн үүргийн эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүн. Хууль хэрэгжиж байж л, хүний төлөөх үйлсүүд хуулийн дор засаглагдаж байж л улс орны дэвшил яригдана. Ер нь, парламент хянадаг, шалгадаг, хуулийн засаглалыг хэрэгжүүлэх суурь болдог зарчимтай. УИХ-ын даргууд намын дарга байсан тохиолдлууд байдаг. Н.Энхбаяраас эхлээд М.Энхболд, З.Энхболд дарга нар намын дарга бөгөөд УИХ-ын дарга нар байсан.

Тэдний энэ сонголт тийм ч зөвгүй байсан нь түүх болоод үлдчихэж. Өөрсдөө ч алдаа гэдгээ хүлээн зөвшөөрч. Хувь улстөрчийнхөө хэтийн том бодлого, эрх үүргийн хэрэгжүүллийг цалгардуулаад, нэг их том дарга шиг байсан ч, зарчмын хувьд оноогүй нь тэдний улс төрийн зам дардан байгаагүйгээс харагдана. Д.Амарбаясгалан бол ардын хүүхэд, амьдралын ухаан багагүй хүн. Эрх мэдлийн оргилд сууж л байна. Ерөнхий сайд хүн л намын дарга байгаад ирсэн Монголын үлгэр байж байна. Г.Занданшатар ч намын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн байхын утга чухам юунд гол хамааралтай, улс оронд том хариуцлага хүлээсэн хүний хувьд, муугүй боловсрол мэдлэгтэйн хувьд ярих юмаа ярьж, хэлэх юмаа хэлэх л байх. Гэхдээ нэгнээ харлуулахын төлөө хэн их хичээнэ, тэр  илүү унана.

Муу сайн ч Монголын сүүлийн 100 жилийн түүхийг бичиж ирсэн МАН нэг удаагийн даргын төлөөх суудал, үе хоорондын тэмцэл гэдгээрээ намынхаа ирэх зуун жилдээ унах нүхээ бас ухчихмааргүй байгаа юм.

Их өөрөөр, чухал нэгэн өнцгөөс тайлбарлавал, Ерөнхийлөгч хийх ажлаа олж ядсандаа хэл үгэнд ороод байгаа юм биш байх. Улс орноо өнгөтэй, өөдтэй, эвтэй байлгая л гэж бодож байгаагаас үүдсэн санаа зориг нь өөрөөр тайлбарлагдаад байх талтай. Ерөнхийлөгч хүн Ерөнхийлөгч шиг л байх ёстой. У.Хүрэлсүхийн улстөрчийн эр зориг, цэгц тууштай байдал ч ингэж л ойлгогдож ирсэн. Өдий насны, улс төрд хийдгээ хийж ирсэн түүн шиг хүнд туйлбартай байдал л чухал. Улс оронд туйлбартай хөгжил, туйлбартай дэвшил онцгой чухал байна. Үүний тулд л чухам эв нэгдэл хэрэгтэй юм. Улсын гурван том дарга учраа олчих байх аа. Үндэстний эрх ашиг үүнийг хөдөлбөргүй хэлнэ.

                                                 

 Б.ХАНТӨГӨЛДӨР

Сэтгэгдэл үлдээх