Багш, эмч нарын цалин болон тэтгэврийг нэмэхэд нийт 831 тэрбум төгрөг шаардлагатай

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал: Засгийн газрын хуралдаанд "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл" батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцууллаа. Таван жилийн үндсэн чиглэлийг төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоотой боловсруулсан. Салбар бүрд нийт 14 хэлэлцүүлэг өрнүүлж, 644 санал тусгасан бөгөөд найман үндсэн чиглэлд төвлөрүүлж, 10 гол үр дүнгийн шалгуур тогтоосон. Үр дүн тус бүрийг хэмжих шалгуур үзүүлэлт, суурь түвшин, зорилтот түвшинг тодорхойлсон. Таван жилийн үндсэн чиглэлд туссан ажлуудад салбар яам, төр захиргааны байгууллагууд шат шатандаа оролцоо, хувь нэмрээ оруулна. Хэрэгжилтийг хангаж, салбар хоорондын уялдааг зохицуулан, нэгдсэн бодлогоор чиглүүлэх ажлыг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцна.

2026-2030 он хүртэлх Монгол Улсын ирэх таван жилийн үндсэн чиглэлийг 2025 оны аравдугаар сарын 31-нээс өмнө УИХ-д өргөн барих ёстой. Энэ утгаараа Монгол Улсын ирэх таван жилийн үндсэн чиглэлийг найман бүлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн. Үүнийг дагалдуулан УИХ-д хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг өргөн мэдүүлдэг. Нийт 10 үндэсний үзүүлэлт буюу олон улсын индексээ хэрхэн урагшуулах вэ гэдгээ тусгай хэмжүүртэйгээр тавьж өгсөн.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Багш, эмч нарын цалин болон ахмад настны тэтгэврийг нэмэхэд нийт 831 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Ингэхийн тулд салбар яамдын үйл ажиллагааны зардлаас 10 хувиар танах шаардлагатай.

Сэтгэгдэл үлдээх