Үг үйлдэл зөрсөн нь буюу ҮХЦ-ийн үйлдэл санамсаргүй юу? Санаатай юу?

  Монгол Улсын Үндсэн хуулийн цэц (ҮХЦ) Ерөнхий сайдыг огцруулсан Улсын Их Хурлын (УИХ) шийдвэр Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан хэлэлцэх их суудлын хуралдааныг нээлттэй явуулж байна. Гэвч хуралдаан эхлэхээс өмнө болон урьдчилсан хэлэлцүүлгийн үе шатанд ил тод байдлын асуудал олон нийтийн дунд маргаан дагуулж байна.

Тодруулбал, ҮХЦ нэг талын байр суурийг нээлттэйгээр дамжуулж, нөгөө талынхыг хаалттай хэлэлцсэн нь цэцийн үйл ажиллагаа нэг талыг барьсан мэт сэтгэгдэл төрүүлэх үндэслэл болжээ.

Нэг талын мэдээлэл дамжуулалт, хуралдаан хойшлуулах хүсэлтийг үл тоосон нь шүүмжлэл дагуулав

ҮХЦ-ийн зүгээс Засгийн газрын төлөөллөөр оролцсон С.Бямбацогтын байр суурийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулсан боловч УИХ-ын төлөөлөл болох дэд дарга Х.Булгантуяагийн байр суурийг хаалттай сонссон байна.

Мөн Х.Булгантуяа хуралдаанд өмгөөлөгчгүй оролцож байгаа нөхцөлд эрхээ бүрэн хангах боломжгүй байгаа тул хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч, хуралдааныг даргалагч энэхүү саналыг хүлээн аваагүй байна. Энэ нь цэцийн үйл ажиллагаа нэг талд илүү нөхцөл бүрдүүлсэн байж болзошгүй гэх хардлагыг олон нийтийн дунд төрүүлжээ. 

Ерөнхий сайд ҮХЦ-д хандаж, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан “Ерөнхий сайдыг огцруулах тухай” тогтоол нь Үндсэн хуулийн дараах заалтуудыг зөрчсөн гэж үзэн хүсэлт гаргасан байна.

Үүнд: 

Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”

 Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн баригдсанаас хойш Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ…”

Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” ҮХЦ эдгээр үндэслэлүүдийг хянан үзэж, Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шийдвэрлэх зорилгоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэн нэгтгэсэн байна.

    Олон нийтийн хүлээлт ба шүүхийн хараат бус байдал ҮХЦ-ийн их суудлын хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09:30 цагаас ҮХЦ-ийн хуралдааны танхимд нээлттэй болох товтойгоор үргэлжилж байгаа. Гэвч хуралдаан болохоос өмнө ил тод байдлын тэгш бус байдал, нэг талын байр суурийг давамгай мэдээлсэн гэх асуудлууд нь Үндсэн хуулийн цэцийн хараат бус, шударга байдлын талаар эргэлзээ төрүүлээд байна.

Иймээс олон нийт энэхүү хуралдааны үр дүнг анхааралтай ажиглаж, төрийн эрх мэдлийн хуваарилалт, Үндсэн хуулийн дээдлэх зарчим бодитоор хэрэгжих эсэхийг хүлээн харж байна.

Сэтгэгдэл үлдээх