Б.Баярбаатар: ҮХЦ-ийн Их суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд энэ шийдвэр хаагдана

Өчигдөр буюу аравдугаар сарын 22-нд ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан хуралдаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хуулийн зөрчилтэй томьёоллоор санал хурааж Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан байж болзошгүй асуудлыг хэлэлцсэн билээ.

Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Өчигдөр хүч түрсэн байдал ажиглагдсан. Жишээлбэл манай П.Сайнзориг гишүүнийг УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тавьсан байхад хүчээр гэрчийн байр суурь луу аваачиж урвуулж байгаа нь мэтгэлцэх зарчмаас нь ухрааж байгаа хэлбэр юм болов уу гэж харсан. Хамгийн гол асуудал нь хурал бүхлээрээ нээлттэй явах ёстой гэсэн хуулийн заалттай. Гэтэл энэ хуулийг зөрчөөд эхний хэсгийг нь нээлттэй явуулаад хаалттай хэлбэр лүү шилжиж байгаа нь тодорхой түвшний зөрчил харагдсан гэж ойлгогдсон. Гол асуудал нь хоёр асуудлыг нэгтгэж хэлэлцсэн байгаа.

Нэг бол УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай холбоотой үүссэн гомдлыг хэлэлцэж байгаа. Энэ гомдлыг бол Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэх эрхтэй. Хэлэлцээд шийдвэр гарна. Шийдвэрийг нь УИХ хүлээн зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэсэн байдлаар хэлэлцэнэ. Хэрэв хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд энэ шийдвэр хаагдаж байгаа гэсэн үг. Нөгөө асуудал бол УИХ-ын 95-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж. Энийг бол заавал Дунд суудлаар хэлэлцэх ёстой. Заавал Дунд суудлаар хэлэлцээд дүгнэлт гаргаад, тэрийг нь УИХ хэлэлцээд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Их суудал хуралдаж тогтоол гаргах ёстой. Тэр тогтоол бол эцсийн байх хууль зүйн үндэстэй. Их суудлын хуралдаанаар анхан шатны журмаар энэ тогтоолыг хэлэлцсэн юм байна гэж ойлгосон. Энэ дүгнэлтийг УИХ хуульд заасан хугацаанд хэлэлцэж хүлээж авах эсэхээ шийднэ. Хэрэв тогтоолыг хүлээж авахгүй ээ гэсэн шийдвэр гарсан тохиолдолд дахиад цэц Их суудлын хуралдаанаараа эцсийн шийдвэр буюу тогтоолыг гаргах процесс явагдах учиртай" хэмээлээ.

Харин Үндсэн хуулийн цэцийн зүгээс өчигдөр гаргасан шийдвэрээ танилцуулахдаа "Албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн тухай цэцийн шийдвэр эцсийн байна. ҮХЦ-ийн дүгнэлт УИХ-д хянагдахгүй, гагцхүү шийдвэр гаргах үндэслэл болно" хэмээсэн юм.

Сэтгэгдэл үлдээх