Бирдийн нүдэнд далай ширгэнэ хэмээх лут үг байх. УИХ-ын гишүүд маань бирдлэг сэтгэхүйтэй болоод л байгаа нь үнэхээр харамсалтай. С.Ганбаатар нь УИХ-ын гишүүнийг үл шалгах хуулийн санаачлага хийгээд үр дүнд хүрсэнгүй. Гэтэл бас, саяхан Хуулийн сайдаа өгсөн Л.Мөнхбаатар нар УИХ-ын гишүүний ажлаа өгсөний дараа авах тэтгэмж авах хууль хийчихсэн юм билээ. Одоо түүнийг нь цуцлана гэж байх шиг байна.
Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүдийг иргэнийхээ жишгийн хэмжээнд цалинжих асуудал тавигдаж байна. Ж.Чинбүрэн нарын амьдрал мэдэх гишүүд тэгье, болохгүй юмгүй л гэж байх шиг байна. Аюушийн Ариунзаяа гишүүн маань аанай л зөвшөөрөхгүй гэж байна. Энэ эмэгтэйн иш мухар ийм л болсон. Болсон ч юу байхав дээ, угаасаа байгаа нь л энэ байх. Нэг бодлын байр суурьтаа хэцүү хатуу байдаг туйлбартай ч гэмээр юм уу даа. Д.Амарбаясгалан гэдэг хүнийг хамгаалагч үнэмлэхүй бүлэг байсан. Одоо тэд туйлбараа алдаад Ч.Анар, Д.Ганмаа нар тэргүүлэн Г.Занданшатарынхаа талд туйлбарынхаа цулбуурыг өгч байгаа бололтой. О.Саранчулуун, Г.Уянга, Ж.Баясгалан, О.Номинчимэг, М.Мандхай, Г.Лувсанжамц энэ тэр гээд ер нь ихэнх нь эргэж сахалтай дарга руугаа налж байна л гэж бичигдэж байна.
Харин туйлбараа орхихгүй байгаа П.Сайнзориг, Б.Баярбаатар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ж.Бат-Эрдэнэ нар бол Д.Амарбаясгалан дээрээ л байгаа бололтой. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг. Зовж байж мэдэхээр байгаа Д.Амарбаясгалангаа баримтална гэдэг нэг талаасаа жудаг. Нөгөө талаасаа бол, нүүрсний хэрэгт үнэхээр хутгалдсан, хулгайн мөр дээр асуудал тодорхой бол тийм байр суурийг хамгаалах нь лавтайяа онохгүй. Нийгэм зөв рүүгээ, үнэн тийшээгээ явж байх ёстой. Сайн тал руугаа хэлбийж байх учиртай. Г.Занданшатарын талд налж эхэлсэн хүмүүс бол намынхаа институтээр УИХ-ын гишүүн болсоноо ухаарч байгаа улс байх. Намын дарга хэн байхаас үл хамааран, нам хэмээгчийн л нэр дор сонгуульд ордгоо ойлгосон байх. Д.Ганмаа гишүүн бол би өөрөө л хүндэт хүн учир намайг гурвантаа урьж сонгуулсан, тиймээс би гишүүн болсон гэх маягийн тайлбар хийдэг. Ардын нам л ачлаж дэвшүүлээгүй бол эдгээр хүмүүс УИХ-ын гишүүн болохгүй нь, болж чадахгүй нь үнэн юм.
Тиймээс Ардын намынхаа хулгай зэлгийнээс ангид байя, ашиг сонирхол дээр эвлэрч нэгдэхгүй байя гэдэг санаачлагыг барих нь зөв байх. Х.Булгантуяаг өнөөдөр чөлөөлнө гэж байна. Хайран л юм л даа. Гэтэл, чи хайран болох гээд байна шүү, хууль зөрчих гээд байна шүү гэж хэлсэн ахмад С.Бямбацогтоо надад заналхийллээ гэж зүтгэсэн Х.Булгантуяа маань өнөөдөр үнэнд гүйцэгдээд, УИХ-ын гишүүнтэйгээ л үлдэв л барав гэх байдалтай яваа шиг байна. Хуулийн байгууллагуудад хэрэг түвэг нээгдсэн л гэж мэдээлэгдээд байгаа. Хэцүү л дээ, тэгж ээрэгдэх, ямар өөд байхав.
Өөдгүй нь, эмэгтэй хүйсээ, жендерээ адил тэгшлэе гэж Ж.Сүхбаатар, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар зүтгэж байж хуулийг хийн овоо хэдэн эм гишүүнтэй болсон нь энэ УИХ-ыг агуулгаар гоё харагдуулж байсаныг муухай харагдуулах, үгүйсгэх дүрүүд гарч ирсэн нь юм. А.Ариунзаяа, Хүрэлбаатарын Булгантуяа, Баасанжаргал нар маань, бас цогт Нарабогоор засал хийлгэмээр ИЗНН-ын нэг эмэгтэй гээд энэ УИХ-аа шоглоомны самбар болгосон хэдэн хүн үнэндээ төрийн эрх дээд байгууллагын босгыг хачин муухай намсгаж байна. Хүйсийн тэгш, эм хүн УИХ-д илүү их сонгогдохын төлөөх зүтгэл эдгээр мэтээс болоод ухрах ёсгүй, үнэгүйдэх учиргүй нь тунхаг юм шүү. УИХ-ын эмэгтэй гишүүд маань хамгийн наанадаж Доржзовдын Энхтуяа шиг, Саруулсайханы Цэнгүүн шиг баймаар байна шүү. Эрүүл нь ялгараад л байгаа юм.
Б.ХАНТӨГӨЛДӨР
Сэтгэгдэл үлдээх