Л.Оюун-Эрдэнэ гэнэн хүн биш нь мэдэгдэнэ

Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болноо л гэдэг. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн романтик, гэнэн маягийн үгсийг, яриаг сүүлийн үед цахим сүлжээнд ихэд гаргах болов. Гэнэн талыг л нь түүж үзүүлээд байх шиг байна. Үнэндээ бол Л.Оюун-Эрдэнэ тийм гэнэн хүн биш. Өвөөгийн үгээр үйлээ дэнсэлж, өдий хүрсэн зэрэг нь яав ч гэнэн хүний зам биш л. Мань хүн хэлж байна. Миний бүр эхний мэргэжил бол сонгодог уран зохиолч гэж. Энэ мэргэжлээ мухарласан гэж үзвэл, Л. Оюун-Эрдэнэ юутай ч Толстой, Достоевскийгээс эхлээд Сартр, Кафка бүгдийг нэвт шувт мэддэг байх нь. Фолкнер, Чехов, Кортасар, Хан Ган..., хэн хэн ч байдаг юм бүгдийг нь уншиж мэдсэн байхаар байх нь. Уран зохиолыг илүү их сайн мэдэх тусам илүү гэнэнлэг байдлаа алддаг шиг нь анзаарагддаг. Н.Энхбаяр гуай бол маш их уншсан , маш их мэддэг нь мэдэгддэг. Гэхдээ энэ эр Монголын улс төрд их зөв жишиг үлдээсэн үү, үлдээж байгаа юу гэж асуувал бас их хоржоонтой.

Өчигдөрхөн л гэхэд, түүний гэнэн гэмээр хөвүүн, сайд Э.Батшугар “Элбэгдоржийн хонгилын шүүх...” гээд л зогсож байна. Өс хонзонгийн, сайнгүй үргэлжлэл тэр мэт үгээс нь илэрч байна. Эх орноо боддог л бол улс төрчид сайн өв, зөв жишиг үлдээж байх учиртай. Яах гэж олон ажил удав, яах гэж олон хүнтэй муудалцав даа гэх маягийн үгийг өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ хэлж зогсоно. Л. Оюун-Эрдэнэ өөрийн гэсэн автортай цөөнгүй зөв зүйл хийсэн. Түүнийгээ л яриад байх хэрэгтэй юм л даа. Нүүрсний хулгайг Л.Оюун-Эрдэнэ ярьсан, хуулийн системийн хонгил ажиллагааг мөн тэр л ярьсан. Д.Амарбаясгалаан, ажлаа өгөөд шалгуул аа гэж тэр л хэлсэн. Р.Чингис жагсаал санхүүжүүлж, зохион байгуулж байна гэж тэр л ярьсан. Ингээд ингээд шууд хэлээд байдаг нь онож л байсан.

Ялаанууд гэдэг үгээсээ үүдэж ойчсон л болохоос биш түүний сайн ил үгүүд бий бий. Үгүйсгэх аргагүй. Гэтэл бас үгүйсгэгдэшгүй үнэнүүд байх. Эрдэнэс Оюу толгойгоос гарсан мөнгө “Монгол хан”-д зарцуулагдаж. Хатагтай Ч.Номин Английн нэг багтай гэрээлээд, үүнээс үүдсэн төлбөрийн үлдэгдэл одоо нэхэгдэж байгаа юм байна. Жүжигт зарцуулсан нь, Англи багт хийсэн гэрээлэл, энэ бүгдийн цаад зорилго буруу биш байх. Монголоо сурталчилсан, Монголоо таниулсан зам байна. Үүнийг хийх ёстой. Хэн нэг нь эхлэх ёстой гарцууд, үйлдлүүд. Ганцхан, зарчмын бус аргаар л ажлууд хийгдсэнд буруутгал эрэгдээд байна. Энэ нь аргагүй юм л даа. Эдгээрийг зөв л хийчихсэн, нээлттэй илэрхийлээд анхнаас нь зөв, ил тод хийчихсэн бол Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр яах гэж хийв дээ, зүгээр л байж байх минь яалаа гэж хэлэх дээрээ хүрэхгүй юм. Зорилго зөв байсан бол арга бас зөв байх ёстой юм. Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр бас, Цэц Засгийн газартайгаа нийлчихээд Засгийг огцруулдаггүй болох нь гэсэн агуулгатай үг хэлэх. Засгийн газар тогтвортой, унахгүй байх нь Монголын эрх ашиг шүү дээ, Л.Оюун-Эрдэнэ гишүүн ээ. Засаг тогтвортой байхын учрыг, сайн талыг өөрөө таван жил засаглахдаа мэддэг болсон баймаар. Муу хэлэгдэвч Харбины гэрээгээ хийж чадсанаас эхлээд Засгийн газар тогтвортой байхын ач тусыг Л. Оюун-Эрдэнэ хамгийн их мэдэхтэйгээ хүн баймаар. Монголд түүн шиг таван жил засагласан Ерөнхий сайд байхгүй. Зөв байсан бол түүнийх, буруу байсан бол мөн түүнийх. Засагласан нь л үнэнээс хойш. Мань хүн одоо намайг их нүдэж байна л гэж байна. Үнэндээ нүдүүлэх гэж л Ерөнхий сайд болсон биз дээ. Хэлсэн үг нь байдаг. Байнгын хороон дарга ч болохгүй. Намайг өндрөөр үнэлээд хэрэггүй гээд л романтиклаж байгаад л, эдгээр үгээсээ зөрөөд Ерөнхий сайд, намын дарга болчихоор чинь л нүдлэг үүсгэж байгаа юм шүү дээ. Одоо мань хүн намын дарга хэвээр л байна. Намын даргаа Д.Амарбаясгаландаа л өгнө гэснээс тань үүдээд Ардын нам алийгаа алдаж энэ хүрэв.

Эдүгээ Л.Оюун-Эрдэнэ намын даргаа Х.Нямбаатартаа өгнө л гэж байгаа бололтой. Х.Нямбаатараа одоо тэгж унагаж хэрэггүй биз дээ гэхээр үгийг олон нийт хэлж байна. Их хурлын даргаа унагаачихаж байгаа юм чинь, Хотын даргыг бол бүр түргэн явуулах биз гэх жишээний. Ингэхээр Л.Оюун-Эрдэнэ гэнэн хүн биш нь мэдэгдэнэ.

 

 Б.ХАНТӨГӨЛДӨР

Сэтгэгдэл үлдээх