Оюутолгойн Хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дэгийг танилцуулав. Тэрбээр,
-Хэн бүхэн парламентыг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Хоёрдугаарт, сонсгол даргалагч сонсголын дэг сахиулах бөгөөд дэг зөрчигчийг сануулж, танхимаас гаргах хүртэл арга хэмжээ авна. Гуравдугаарт, сонсгол даргалагч гэрч, шинжээч, хянан шалгагч, бусад оролцогчид хууль сануулж, эрх үүргийг нь танилцуулах үүрэгтэй. Энэ хүрээнд сонсголын дэгийг нэг бүрчлэн танилцуулж байна. Мөн сонсголыг дор дурдсанаас бусад тохиолдолд нээлттэй явуулж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна.
Хувь хүний нууцтай холбоотой асуудал, гэрч эсвэл гуравдагч этгээдийн хувийн амьдралтай холбоотой асуудал, мөн нийтэд мэдээлбэл түүний хууль ёсны ашиг сонирхол хохироох үйл баримт, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учрахтай холбоотой асуудал байгаа.
Бид хянан шалгах түр хорооны сонсголыг олон нийтэд нээлттэй явуулах зарчмыг баримталж байгаа. Оюутолгойн орд төрийн нийтийн өмч буюу ард түмний баялаг. Ард түмний мэдэх эрхийг хангах үндсэн үүргийг хангах зорилготой. Нотлох баримтыг шинжлэх судлах зорилгоор гэрч, шинжээч, хянан шалгагч болон бусад оролцогчоос сонсгол даргалагч болон түр хорооны гишүүд асуулт асууж болно. Асуулт асууж хариулт авах хугацаа 3-4 минут байна. Хариулт тайлбар хангалтгүй гэж үзвэл нэг минут нэмж өгнө. Тусгай хяналтын сэдэвтэй холбоогүй тодорхойгүй, салаа утгатай, хөтөлсөн, гэмт хэрэгт буруутгасан шинжтэй асуулт тавихыг хориглоно. Хэрвээ тэгвэл сонсгол даргалагч тухайн асуултыг алгасаж, дараагийн асуултыг асууна. УИХ-ын хяналтын сонсголд оролцож буй этгээд үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх учиртай гэв.
Сэтгэгдэл үлдээх