УИХ-ын Хянан шалгах түр хороо арванхоёрдугаар сарын 8-12-ныг хүртэл таван өдрийн турш үргэлжлэх Оюутолгойтой холбоотой асуудлаар нээлттэй сонсгол өнөөдөр эхэллээ.
Төсөл эхэлснээс хойшхи 16 жилийн хугацаанд төрөөс гарсан шийдвэр, түүний хэрэгжилт, үр дагаврын талаар шинжээчийн дүгнэлт сонсож, гэрчүүдээс асуулт асууж тодруулах юм. Хянан шалгах түр хорооны сонсголд оролцож буй бүрэлдэхүүнд гурван хуулийн этгээдийн 31 оролцогч нэр ирүүлснээс 27 нь иржээ. Мөн сонсголд бүртгүүлсэн иргэд оролцож байна. Дарааллын дагуу Жавхлант-Шивээтолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ.
Эхлээд Оюутолгой төслийн ерөнхий танилцуулгыг хийж, бүлэг ордын геологи нөөцийн асуудал, Жавхлант-Шивээтолгойн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал болон тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Мөн Жавхлант-Шивээтолгойн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал ба Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хамаарлын асуудлаар үргэлжилнэ. Санал хураалтад долоон гишүүн оролцож, 100 хувийн саналаар сонсголын сэдвийг баталлаа.
Сэтгэгдэл үлдээх